ШУУРХАЙ: Уяач Л.Цандэлэгийн хүү Ц.Тогтуун нарт холбогдох "хар тамхины хэрэг"-т прокурор 8 хүртэл жилийн хорих ял төлөвлөжээ

ШУУРХАЙ: Уяач Л.Цандэлэгийн хүү Ц.Тогтуун нарт холбогдох "хар тамхины хэрэг"-т прокурор 8 хүртэл жилийн хорих ял төлөвлөжээ

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн оны зургаадугаар сарын 05-ны /2024.06.05/ өдөр гаднын улс орноос хар тамхи, мансууруулах бодис оруулж ирдэг, хэрэглэдэг, зарж борлуулдаг гурван бүлгийн 20 гаруй этгээдийг баривчилсан талаар бид тухайн үед мэдээлж байсан билээ. 

Тухайн бүлэг этгээдүүдийн дунд уяач Л.Цандэлэгийн хүү Ц.Тогтуун нарын хүмүүс байсан юм.

Тэгвэл Ц.Тогтуун нарт холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Тодруулбал, Ц.Тогтуун нарын нэр бүхий 8 хүнд холбогдох хэрэгт прокуророос Эрүүгийн хуулийн 20.7.2 буюу мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан гэх хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ялтай зүйл ангиар яллаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Одоогоор шүүх хурал товлогдоогүй байгаа аж. Бид уг хэргийн талаар эргэн мэдээлэх болно. 

Ташрамд өгүүлэхэд, сүүлийн үед хүүхэд, залуус хар тамхи, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл хэрэглэж, эрүүл мэнд, амь насаараа хохирох тохиолдол цөөнгүй гарах болсон. Гэсэн эл төрлийн гэмт хэргийн гаралт жил ирэх тусам нэмэгдэж, хэрэглэдэг хүмүүсийн тоо залуужсаар байгаа.  Тиймээс ч уг асуудлыг Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч үзэж, эл төрлийн гэмт хэрэгт ял шийтгэл оногдуулж буй хууль эрх зүйн орчныг чангатгаж, холбогдох хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа.