Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг УИХ-д өргөн барилаа

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг УИХ-д өргөн барилаа

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр /2025.05.16/ өргөн барилаа. 

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль 1998 онд батлагдаж 2012 онд шинэчлэн найруулагдсан Уг хуулийг хэрэгжүүлж ирсэн хугацаанд хуулийн зарим зүйл, заалт хоорондоо зөрчилдөх, зохицуулалтын хувьд давхцах, тодорхой бус, хоёрдмол утга илэрхийлэх, төсөл хэрэгжүүлэгчид эдийн засгийн болоод цаг хугацааны хүндрэл учруулах зэрэг бэрхшээл гарах болсон. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн тухай хуулийн төслийг боловсруулж, эх бичвэрт 19 хэсэг, 6 заалтыг нэмж тусган, 12 хэсэг 3 заалтыг өөрчлөн найруулж нийт хуулийн 48 заалт буюу 38.4 %-д нэмэлт, өөрчлөлт оруулахаар хуулийн төслийг боловсруулсан.

Хууль хэрэгжиж эхэлснээр, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн хэрэгжилт сайжирч, төсөл хэрэгжүүлэгч, хөрөнгө оруулагч нарт учирч байсан цаг хугацаа алдах, бичиг баримтын бүрдэл хангах асуудлыг шийдвэрлэх боломж бүрдэнэ. Төрийн үйлчилгээг шуурхай чирэгдэлгүй хүргэх, цахим хэлбэрээр ажиллах, мэргэшсэн мэргэжилтэн ажиллуулах, ангиллыг сайжруулах замаар төвлөрлийг сааруулах, оролцогч талуудын ажлын уялдаа холбоо сайжрах нөхцөл бүрдэнэ. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний шинэчилсэн ангиллаар нийт төслийн 36% нь ангилал буурч байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээний дүгнэлт хийлгэх болон шалгах хуудсаар бүртгүүлэх боломжтой болно. Мөн аймаг, нийслэлийн төвшинд хийгдэж байгаа нөхцөл болзолтой хийсэн байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээний дүгнэлтийн 30% нь шалгах хуудсаар бүртгүүлж, үнэлгээ шаардахгүй. Байгаль орчны үнэлгээний цахим шилжилт болон мэдээллийн сангийн бүрдүүлэлтийг Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуультай нийцүүлнэ. Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний мэдэх эрхийг хангахтай холбоотой зохицуулалтыг тусгана.