Монгол Улсын Засгийн газар хөгжлийн бодлогын үр дүнгээ бодитой, зөв үнэлж, цаашдын бодлогоо оновчтой тодорхойлж хэрэгжүүлэхэд анхаарч, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт“ олон улсын үнэлгээний цогц систем (DME)-ийг хөгжүүлж, бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилтийн үнэлгээг боловсронгуй болгох” зорилтыг дэвшүүлэн, энэ хүрээнд олон арга хэмжээг хэрэгжүүлж эхлээд байна.
Үүний нэг нь Монгол Улсын хөгжлийн бодлогын үнэлгээ хийх чадавхын түвшингээ тогтоож, нотолгоонд суурилсан дүгнэлтэд үндэслэн Монгол Улсад хөгжлийн бодлогын үнэлгээг хөгжүүлэх явдал юм
Энэ хүрээнд Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны харьяа Хөгжлийн үнэлгээний байгууллага (DEval), Монголын үнэлгээний холбоотой хамтран “Монгол Улсын хөгжлийн бодлогын үнэлгээний чадавхын индекс” тогтоох үнэлгээг амжилттай зохион байгуулж, өнөөдөр үр дүнг танилцуулж байна.
Монгол Улс Ази тивээс анх удаа Үнэлгээний чадавхын индексийг тогтоолгож байгаа нь онцлох үйл явдал юм. Энэхүү индексийг тогтоосноор манай улс үнэлгээний чадавхын суурь түвшинг тодорхойлж, түүнд үндэслэн олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн үнэлгээний арга зүй, аргачлалыг нэвтрүүлэх, үнэлгээний мэргэжилтнүүдийг бэлтгэх чиглэлээр сургалт, зөвлөмж авах боломж бүрдэнэ.
Түүнчлэн үнэлгээний тогтолцоог бэхжүүлснээр хөгжлийн бодлогын үр дүн сайжирч, улмаар манай улсын гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, дотоод болон гадаадын хөрөнгө оруулалтын таатай нөхцөл бүрдэх юм.