Монгол уулчид болох талийгаач Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нар одоогоос яг нэг жилийн өмнө буюу 2024 оны тавдугаар сарын 13-ны өдрийн 11:57 цагт Эверестэд амжилттай оргилдож чадсан билээ.
Эверестийн оргилд хүчилтөрөгч болон хөтөчгүйгээр гарсан Монголын анхны уулчид болсон тэд зорилгодоо хүрсэн ч харамсалтай нь буух явцдаа осолдож, амь насаа алдсан. Харин харамсалтайгаа амиа алдсан ч зорилгоо биелүүлсэн уулчдад Олон улсын хэмжээний мастер цолыг нэхэн олгосон билээ. Тодруулбал, Монголын уулын спортын түүхэнд шинэ хуудас бичсэн Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нар нь Монголоос анх удаа шерпагүй бие даан авиралт хийснийг үнэлж, тэдэнд Олон улсын хэмжээний мастер цолыг нэхэн олгох шийдвэрийг Монголын Уулчдын үндэсний холбооны удирдах зөвлөлийн гишүүд баталсан байдаг.