Санхүүгийн салбарын ирээдүйг түүчээлэх залуусыг Ж.Питер Морроугийн нэрэмжит олимпиадаар тодрууллаа

Санхүүгийн салбарын ирээдүйг түүчээлэх залуусыг Ж.Питер Морроугийн нэрэмжит олимпиадаар тодрууллаа

Мэдлэгтэй байх нь боломж, харин мэдлэгээрээ ялгарах нь чадвар.Ийм чадварыг нээн илрүүлэх, хөгжлийг дэмжих зорилгоор ХААН Банк санхүүгийн чиглэлээр суралцаж буй оюутнуудын онолын мэдлэг, мэргэжлийн ур чадвар, бүтээлч сэтгэлгээг сорьдог Ж.Питер Морроугийн нэрэмжит олимпиадыг 12 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.

Их, дээд сургуулийн 3, 4-р дамжаанд суралцаж буй  оюутнуудын дунд жил бүр зохион байгуулдаг тус олимпиад уламжлал ёсоор багийн болон ганцаарчилсан 2 ангилалд болж, төрийн болон хувийн хэвшлийн 6их дээд сургуулийн 10 багийн 50 оюутан оюун ухаанаа сорин өрсөлдсөн юм.

Энэ жилийн хувьд олимпиад банкны менежмент, банкны нягтлан бодох бүртгэлийн цогц бодлого, эрсдэлийн менежмент, өгөгдлийн шинжилгээ болон банкны тухай хуулийн сэдвийн хүрээнд явагдсанаас ганцаарчилсан төрөлд тэргүүн байрт СЭЗИС-ийн “Incentive” багийн гишүүн М.Давааням, дэд байрт СЭЗИС-ийн “Incentive” багийн гишүүн Б.Эрдэнэ-Очир, гуравдугаар байрт СЭЗИС-ийн “VersUs” багийн гишүүн Э.Аззаяа нар шалгарлаа.

Мөн үүнээс гадна ганцаарчилсан төрөлд авьяас, мэдлэгээрээ тэргүүлсэн СЭЗИС-ийн оюутан М.Давааням “Онцлох оюутан”-аар тодорч, мөнгөн шагналын эзэн болсон юм.

Ялагчид буюу эхний 3 байрт шалгарсан оюутнууд батламж, мөнгөн шагналын эзэн болсон бөгөөд үүн дээр нэмэгдээд нийт эхний 5 байрт шалгарсан оюутнуудыг ХААН Банканд ажиллахыг урьж байгаа билээ.

Харин багийн төрөлд СЭЗИС-ийн “Incentive” баг тэргүүн байрт шалгарч өргөмжлөл, 3 сая төгрөг, шилжин явах цомын эзэд болсон бол МУИС-ийн “Active” баг дэд байрт шалгарч өргөмжлөл, 2 сая төгрөг болон цомын эзэд боллоо.

mceclip3.jpg

Олимпиадын зохион байгуулалтын комисст өмнөх жилүүдийн тэмцээнд амжилттай оролцож, өнөөдөр ХААН Банкны газар, хэлтсүүдэд үр бүтээлтэй ажиллаж буй шилдэг залуус оролцсон бөгөөд ХААН Банкны удирдлагын хорооны болон газар хэлтсийн захирлууд олимпиадыг шүүн шилдгүүдийг шалгарууллаа.

mceclip4.jpg

Хамтын өсөлт төгөлдөр - ХААН Банк