Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 376 дугаар тогтоолоор баталсан "Допингийн эсрэг үндэсний дүрэм"-ийн дагуу, Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага (МҮДЭБ)-ын санаачилгаар үндэсний бөхийн тамирчдаас явцын буюу тэмцээний бус үеийн допингийн хяналтыг хэрэгжүүлж эхлээд байгаа.
Энэ хүрээнд допингийн цусны шинжилгээнд хамрагдсан бөхчүүд эхнээсээ допингийн шинжилгээний хариугаа зарлаад байна. Тухайлбал, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр харьяат Үндэсний бөхийн Аймгийн хурц арслан Д.Алтанцоож өнөөдөр /2025.05.10/ допингийн шинжилгээний хариугаа олон нийтэд ил дэлгэлээ. Тэрбээр энэ талаараа цахим хуудаснаа "Цусны шинжилгээний хариу хэвийн байна гэж иржээ. nodoping" хэмээн бичиж, шинжилгээний хариугаа дэлгэсэн байна. Тэгвэл энэ жишгээр магадгүй удахгүй бөхчүүд шинжилгээний хариугаа нийтэд ил тод дэлгэх бололтой.
Ташрамд өгүүлэхэд, тэрбээр Сар шинийн энэ жилийн барилдааны "Цахиур хагалах бөх"-өөр шалгарсан нэгэн юм.