Өнгөрсөн сарын 30-ны өдөр АНУ болон Украин улс байгалийн баялгийн салбарт хамтран ажиллах түүхэн гэрээнд гарын үсэг зурсан нь дэлхий нийтийн анхаарлыг татаад байна. Энэхүү гэрээний хүрээнд хоёр улс “АНУ-Украины Сэргээн Босголтын Хөрөнгө Оруулалтын Сан”-г байгуулж, Украины ашигт малтмал, газрын тос, байгалийн хий, ховор элемент зэрэг байгалийн баялгийг хамтран ашиглах, эдийн засгийн сэргээн босголтыг дэмжих зорилготой.
-БНСУ-ЫН ТАЛААС ХОЁР ЖИЛИЙН ӨМНӨ ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНИЙН АЙЛЧЛАЛЫН ҮЕЭР ЭЛ САНАЛЫГ МӨН ТАВЬСАН БИЛЭЭ-
Үүнтэй ижил Америк, БНСУ, ХБНГУ, Япон зэрэг орон манай улсаас газрын ховор элемент авах сонирхолтойгоо олон жилийн өмнөөс илэрхийлж байна. Тодруулбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг Америк, БНСУ, ХБНГУ, Япон улсад айлчлах үеэр тус орнууд манай улсаас газрын ховор элемент авъя, энэ чиглэлд хамтарч ажиллая гэдгээ илэрхийлсэн. Мөн тус саналыг дэлхийн тэрбумтан Элон Маск ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд утсаар ярьж тавьсан.
Тэгвэл энэ сарын 26-30-ны өдөр манай улсад албан ёсны айлчлал хийсэн БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг УИХ-ын дарга Д.Амарбаясгалантай уулзах үеэрээ "Газрын ховор металлын судалгааны төв"-ийг хамтран байгуулах ажлыг урагшлуулах талаар санал тавьжээ.
Хоёр жилийн өмнө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д албан ёсны айлчлал хийх үеэр тус улсаас Ховд аймаг дахь Халзан бүргэдэй ордыг түшиглэн газрын ховор элементийг олборлох, судлах хамтарсан судалгааны төвийг байгуулах саналыг тавьсан бөгөөд хоёр улс хамтран ажиллахад санал нэгдсэн байдаг. Тиймээс Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг айлчлалаараа эл яриаг хэлэлцээг үргэлжлүүлжээ. Түүний эл асуултад УИХ-ын дарга Д.Амарбаясгалан тодорхой хариулт өгөөгүй аж. Харин манай талаас Булган, Өвөрхангай зэрэг 10 аймагт ашиглалтад оролгүй гацсан дулааны цахилгаан станцын ажлыг дуусгах ажилд БНСУ-ын талаас дэмжлэг хүсч, санал тавьжээ. Хариуд нь уг ажлыг очоод яаравчлуулна, ажил хэрэг болгоно гэдгийг Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг хэлсэн байна.
-МОНГОЛ УЛСЫН “ГАЗРЫН ХОВОР ЭЛЕМЕНТ”-ИЙН НӨӨЦ 31 САЯ ТОНН БУЮУ ДЭЛХИЙН НИЙТ НӨӨЦИЙН 16,77 ХУВЬ НЬ ГЭЖ МЭДЭЭЛЖЭЭ-
Алт, зэс, нүүрс зэрэг шиг дангаараа байгаль дээр оршдоггүй “газрын ховор элемент” нь нэгээс нөгөөг нь салгаж баяжуулахад хэцүү, өндөр технологи шаарддаг байгалийн баялаг юм. Газрын ховор элементийн баяжуулалтаараа өдгөө манай урд хөрш БНХАУ дэлхийд тэргүүлж байна. Сүүлийн жилүүдэд цахилгаан автомашин үйлдвэрлэлээрээ Хятад улс тэргүүлж байгаа нь ч үүнтэй холбоотой. “Газрын ховор элемент” нь соронзон чанар их, цахилгаан дамжуулах чадвар өндөр тул радио электроник, компьютер, ухаалга гар утас, цахилгаан автомашины үйлдвэрлэл гээд дэвшилтэд технологийн үндсэн түүх эд болоод байна. Товчхондоо, “газрын ховор элемент” байхгүй бол ухаалаг гар утас, цахилгаан автомашин гээд ухаалаг технологиуд иргэдийн хэрэгцээнд нэвтрэх боломжгүй гэсэн үг. Иймд сүүлийн жилүүдэд “газрын ховор элемент”-ийн эрэлт тогтмол өсөж, үнэ нь ч өндөр болж байна.
Тэгвэл АНУ-ын Геологийн албанаас гаргасан мэдээлэлд Монгол Улсын “газрын ховор элемент”-ийн нөөц 31 сая тонн буюу дэлхийн нийт нөөцийн 16,77 хувь нь гэж мэдээлжээ.
Иймд автомашин үйлдвэрлэгч Япон, Герман, Солонгос зэрэг орнууд төдийгүй дэлхийн тэрбумтан Элон Макс ч “газрын ховор элемент”-ээр манай улстай хамтарч ажиллая гэж байгаа нь ойрын хугацаанд дэлхийн нийт автомашины 50 хувь нь цахилгаан болж байгаатай холбоотой юм. Улмаар Монгол Улс “газрын ховор элемент”-ийн олборлолт, баяжуулалтдаа зөв менежмент, шударга өрсөлдөөнийг оруулж чадвал “эдийн засгаа томруулах” бүрэн боломжтой нь харагдаж байгаа.