“Эрдэнэс Монгол” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр харьяа “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Оюу танхим”-д боллоо.
Хурлыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал даргалж, Хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч ЗГХЭГ-ын төлөөлөл, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн бүрэлдэхүүн болон компанийн удирдах ажилтнууд оролцлоо. Энэ үеэр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Наранцогт компанийн 2024 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг танилцуулав.
“Эрдэнэс Монгол” ХХК нь 2024 оныг “Хэрэгжилт, үр дүн”-гийн жилээр зарлаж, 2024 оны бизнес төлөвлөгөөндөө стратегийн 4 зорилго, 5 чиглэл, 19 зорилтын хүрээнд 53 үйл ажиллагаа, 69 арга хэмжээг төлөвлөж 92 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжүүлсэн байна. Гүйцэтгэх захирал С.Наранцогт “Үндэсний баялгийн сангийн тухай анхдагч хуулийн төслийг улс төрийн намуудын зөвшилцөл, олон талуудын оролцоог хангаж, хичээл зүтгэж гарган ажилласны хүчинд УИХ-аар батлуулсан. Хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд Хуримтлалын санд 500.5 тэрбум төгрөгийг төвлөрүүлж, иргэн бүрийг нэрийн данстай болгосон. Мөн "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай, “Хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” зэрэг УИХ, Засгийн газрын тогтоол, шийдвэрийг гаргуулснаар 2012 оны 4-р сарын 11-ний өдрөөс хойш мэндэлсэн Монгол Улсын 900 мянган иргэнд 1072 ширхэг энгийн хувьцааг нэмж эзэмшүүлэх, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 2022, 2023 оны цэвэр ашгаас улирч буй онд 3.4 сая иргэнд 1.2 их наяд төгрөгийн ногдол ашиг хуваариллаа” гэв.
“Эрдэнэс Монгол” нэгдсэн удирдлага, стратеги, зорилготойгоор ажилласнаар нийт 15.9 их наяд төгрөгийн орлоготой, 5.4 их наяд төгрөгийн цэвэр ашигтай, Монгол Улсын гадаад валютын нөөцийн 80 хувийг бүрдүүлэн, 5.2 их наяд төгрөгийг улс, орон нутгийн төсөвт оруулжээ. Өмнөх оноос бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээ 27 хувиар, хөрс хуулалтын хэмжээ 41 хувиар, нүүрс олборлолт дээд амжилтыг тус тус үзүүлсэн бөгөөд нэгдлийн хэмжээнд биржийн арилжааг нэвтрүүлснээр 186.2 сая долларын нэмэлт орлогыг төвлөрүүлсэн байна.
Толгой компанийн зүгээс бүрэлдэхүүн компаниудаа нэгдсэн удирдлагаар хангаж, бизнес төлөвлөгөө, төсөв хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд давхардсан тоогоор 130 удирдамж чиглэл, санал дүгнэлт өгч, менежментийн 7 чиглэлийн 36 төрлийн 1000 үйлчилгээг үзүүлж ажилласан байна. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-өөс компанийн 2024 оны үйл ажиллагааг “сайн” гэж үнэлснийг ТУЗ-ийн хараат бус гишүүн Д.Гэрэлмаа танилцуулж, хувьцаа эзэмшигчийн зүгээс уг үнэлгээг баталгаажууллаа.