Өнгөрсөн долоо хоногийн баасан гараг /2025.04.25/-ийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн мэдээллийг сонссон. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөөс нь асуулт асуусан УИХ-ын гишүүн Ж.Баярмааг үг хэлээр доромжилж, улс төржлөө хэмээн бухимдсан юм. Түүний эл үйлдэл олон хүний бухимдлыг төрүүлж, Ерөнхий сайдыг асуултад хариулж чадахгүй болтлоо вакумжиж, дарангуйлагч болсон байна зэргээр шүүмжилж буй.
ВИДЕО:
-ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ МАРГААШИЙН ЧУУЛГАНЫ ХУРАЛД ОРЖ ИРЖ УУЧЛАЛТ ГУЙХГҮЙ БОЛ АН-ЫН БҮЛЭГ ТЭР ДАРУЙДАА ХУРАЛДАЖ, ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛУУДЫГ БОЙКОТЛОНО-
Мөн УИХ дахь Ардчилсан намын бүлэг энэ долоо хоногийн даваа гараг /2025.04.28/-ийн хуралдаанаараа дээрх асуудлыг хэлэлцэж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг тавдугаар сарын 01-ний өдрийн дотор УИХ-ын чуулганы хуралдааны үеэр Ж.Баярмаа гишүүнээс, УИХ-аас амаар уучлал гуйхыг шаардсан юм. Хэрвээ уучлалт гуйхгүй бол тус бүлэг чуулганаар хэлэлцэх бүх асуудлаас завсарлага авна гэдгээ мэдэгдсэн.
Учир нь Ардчилсан намын бүлгийн гишүүд маргааш /2025.05.01/ болох чуулганы хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, "УИХ-ын гишүүн Ж.Баярмаагаас уучлалт гуйна" хэмээн таамаглаж байгаа аж. Хэрвээ Ерөнхий сайд маргаашын чуулганы хуралд орж ирэхгүй бол АН-ын бүлэг маргааш хуралдаж чуулганы хуралдааныг бойкотлох хүртэл эсэргүүцлээ үргэлжлүүлэхээр төлөвлөжээ.
АН-ын бүлэг чуулганы хуралдааныг бойкотловол УИХ-ын чуулганы үйл ажиллагаанд ямар өөрчлөлт орох вэ, хэлэлцэх асуудлууд гацах уу гэх асуулт бий. Тэгвэл энэ долоо хоногт чуулганы хуралдаанаар найман асуудлыг хэлэлцэхээр товлосны хоёр нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн хууль байна.
Тодруулбал, Засгийн газраас нэгдүгээр сарын 24-нд өргөн мэдүүлсэн Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг зэргийг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Цаашлаад ирэх долоо хоногт Засгийн газраас яаралтай горимоор хэлэлцүүлэхээр Төр хувийн хэвшлэлийн түншлэлийн тухай хуулийн өөрчлөлт, Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл зэргийг өргөн барина гэх мэдээлэл байна.
Засгийн газраас өргөн мэдүүлсэн Уул, уурхайн биржийн тухай хууль нь нүүрсээр бартер хийж болох агуулгатай 10.3 дахь заалтаасаа болоод УИХ-ын босгыг давж чадаагүй. Улмаар Засгийн газар уг хуулиа эргүүлэн татсан бөгөөд засч сайжруулах уу бүр мөсөн эргүүлэн татах уу гэдгээ өнөөдрийн хуралдаанаараа шийдвэрлэнэ гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан мэдэгдсэн юм.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар Засгийн газар Уул, уурхайн биржийн тухай хуулийн өөрчлөлтийг нэг мөсөн эргүүлэн татаад нүүрсээр бартер хийх заалтаа Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд оруулж ирэхээр зэхэж байгаа аж. Ингэж байж Гашуунсухайт-Ганцмодны боомтын төмөр замыг холбох хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд айлын талд Онч хараат, Бортолгой ордыг 16 жилийн туршид ашиглуулах үүд хаалга нээгдэх юм. Харин Ашигт малтмалын тухай хууль болон түүнийг дагалдуулж оруулж ирж буй зарим хуулийн өөрчлөлт нь ноцтой бөгөөд улсын хил орчимд, тусгай хамгаалалттай газрын бүсэд, гол нуурын ойр ашигт малтмал олборлож болохоор болгосон гэх. Улмаар валютын нөөцөө нэмэгдүүлэхийн тулд уг хуулийг дагалдуулж "Алт 3" хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм байна.
- ЗАСГИЙН ГАЗАР АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛИА ӨӨРЧИЛЖ, ХИЛИЙН БҮС, ГОЛ МӨРНИЙ АЙ САВ ОРЧИМД АЛТ ОЛБОРЛОДОГ БОЛГОНО. ЭЛ АСУУДЛЫГ ЯАРАЛТАЙ ГОРИМООР ХЭЛЭЛЦҮҮЛЭХ БӨГӨӨД АН БОЙКОТЛОВОЛ УНАХ ЭРСДЭЛТЭЙ ЮМ -
Дээрх хуулиудыг яаралтай горимоор хэлэлцүүлэхээр өргөн барих бөгөөд эл бүгдээс Ардчилсан намын бүлэг завсарлага авна гэсэн үг юм. Хэрвээ УИХ-ын дарга хүссэн хугацаагаар нь завсарлага өгөхгүй бол Ардчилсан намын бүлгийн гишүүд картаа уншуулчхаад санал асуулгад оролцохгүй. Санал өгөхгүй бол тухайн асуудлыг дэмжээгүйгээр бүртгэдэг. Ингэснээр чуулганы ирц бүрдэхгүй байх, бүрдлээ гэхэд Засгийн газрын өргөн барьсан асуудлууд дэмжигдэхгүй байх магадлал өндөр болж байна. Учир МАН-ын бүлэг 70 гишүүн дээрээ нэмээд Иргэний зориг ногоон намын дөрөв, "Үндэсний эвсэл"-ийн дөрвийг бүгдэнг нь чуулганы ирцэнд оруулах бараг боломжгүй юм. Тэгэхээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоолойд тулсан асуудлуудаа явуулахын тулд уучлалт гуйх сонголтын өмнө тулж байна гэсэн үг. Өчигдөр МАН-ын бүлэг энэ асуудлаар хальт ярилцаад өнгөрсөн гэх мэдээлэл ч байна.
Нөгөөтэйгүүр энэ нь хоёр хүний маргаан, үг хөөхөөр үхэр хөө гэдэг агуулга огтоос биш бөгөөд эсрэгээрээ Засгийн газарт хяналт тавих эрхтэй УИХ-ын үйл ажиллагааг үл тоосон, Засгийн газар ажлаа УИХ-д тайлагнадаг байх ёстой, УИХ-ын гишүүн нь ард түмнийг төлөөлж ажиллна зэрэг Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн байх магадлалтай юм.
Энэ талаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин "УИХ дахь Ерөнхий сайдын мэдээллийн цаг Засгийн газрын суртал ухуулга цаг болсон байна. Ерөнхий сайд юу ярих, ямар мэдээлэл өгөхөө сонгодог байдал нь УИХ Засгийн газар хоорондын Үндсэн хуулиар хуваарилсан эрх, зарчмуудыг бүдгэрүүлсэн байна. Парламент бол төрийн эрх барих дээд байгууллага. Засгийн газарт хариуцлага тооцох эрх мэдэлтэй. Ерөнхий сайд УИХ-аас томилогддог УИХ-ын өмнө ажлаа хариуцан тайлагнадаг албан тушаалтан. УИХ-ын талбарыг Засгийн газрын суртал ухуулга хийдэг талбар болгохоос гадна УИХ-ын гишүүдийг доромжилдог цаг болгосон.Мөн Д.Амарбаясгалан даргад хэлэхэд, УИХ нь УИХ шиг, Засгийн газар нь Засгийн газар шиг ажиллах цаг болсон. УИХ-ын танхимд УИХ-ынхаа толгой дээр гараад суучихдаг Ерөнхий сайдын суудлыг буулгах цаг болсон. УИХ нэн даруй горимоор парламент ёсыг сэргээх алхмыг хийж, хууль батлах ёстой. Чуулганы хуралдааны танхимд 126 гишүүний суудлыг хуваарилах ёстой. Ерөнхий сайдын суудлыг танхимын дээр байрлуулж болохгүй. Цаашлаад Ерөнхий сайдын мэдээллийн цагийг болиулж УИХ-ын асуулгын цаг болгох ёстой. Ингэж чадаагүйгээс болж ийм ёс зүйгүй асуудал гарч байна" гэсэн билээ.