ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүү нь "хуучин компьютер томографын эмнэлгийн оношилгооны иж бүрдлийн зориулалттай аппаратыг гэрээгээр худалдан авч, бусдад давуу байдал олгож, Эрүүл мэндийн яаманд их хэмжээний хохирол учруулсан" гэх хэрэгт холбогдож, багагүй хугацаанд шалгагдсан.
Улмаар Д.Нямхүү, Д.Бархүү нарт холбогдох хэргийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард /2024.12.06/ Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд тэдэнд холбогдох хэргийг "Гэмт хэргийн шинжгүй" үндэслэлээр цагаатгаж шийдвэрлэсэн байдаг. Харин тухайн хэрэгт прокуророос эсэргүүцэл бичиж, улмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх тус хэргийг энэ оны хоёрдугаар сарын 26-ны өдөр хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм.
Тэгвэл Д.Нямхүү, Д.Бархүү нарт холбогдох анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны магадлалд прокуророос эсэргүүцэл бичиж, Улсын дээд шүүхэд хандсан байна.
Тус шүүх уг прокурорын эсэргүүцлийг нийт шүүгчдийн хуралдаанаараа хэлэлцэж, хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх эсэхийг шийдэх юм.
Эргэн сануулахад, Д.Нямхүү, Д.Бархүү нарыг бүлэглэн хуучин компьютер томографын “Philips Brilliance СТ16” загварын эмнэлгийн оношилгооны иж бүрдлийн зориулалттай аппаратыг 2020 оны тавдугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 хорооны нутаг дэвсгэрт №01 дугаартай “Компьютерт томографын аппарат нийлүүлэх” тухай гэрээ байгуулж 400 сая төгрөгөөр худалдан авч, санхүүжилтийг 2020 оны наймдугаар сарын 24-ний өдөр Эрүүл мэндийн яамнаас “ДУБ” ХХК-ийн дансанд шилжүүлэн өгч бусдад эдийн засгийн давуу байдал бий болгож, Эрүүл мэндийн яаманд их хэмжээний хохирол учруулсан хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хүргүүлсэн байдаг.