ШШГЕГ-аас "П.Батчулуун эмчийг эрүүл мэндийн шалтгааны улмаас хорих ялаас чөлөөлөх" саналыг гаргаж, прокурорт хүргүүлжээ

ШШГЕГ-аас "П.Батчулуун эмчийг эрүүл мэндийн шалтгааны улмаас хорих ялаас чөлөөлөх" саналыг гаргаж, прокурорт хүргүүлжээ

Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн Хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байсан П.Батчулууныг хүний эд эрхтнийг зөвшөөрөлгүй авсан үйлдэлд гэм буруутайд тооцож, анхан шатны шүүхээс 2.6 жилийн ял оноож, давж каалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Улмаар П.Батчулуун нь Улсын дээд шүүхэд хандаад байгаа талаар бид мэдээлсэн. 

Тэгвэл түүнийг хорих ялаас чөлөөлөх ажиллагаа хийгдэж байгаа талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл Zogii.mn сайтад өгсөн ярилцлагадаа онцолжээ. Тэрбээр энэ талаар П.Батчулуун эмчийн хувьд харамсалтай зүйл болсон. Монгол Улсын хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарсан. Хууль зүй, дотоод хэргийн яам, түүний харьяа байгууллага болох ШШГЕГ нь шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үүрэгтэй.

П.Батчулуун эмчийн биеийн байдалтай холбоотой асуудлууд хөндөгдөж байна. Хорих ялаас чөлөөлөх өвчний жагсаалт гэж бий. Хорих байгууллагын эмнэлгээс комисс хуралдаж, “ялаас чөлөөлөх өвчтэй хүн байна” гэж үзвэл хорих ялаас чөлөөлөх саналыг гаргаж, дүгнэлтээ прокурорт хүргүүлдэг. Прокурор шүүх шинжилгээний байгууллагаар дүгнэлт гаргуулж, шүүх рүү хандаж, асуудлыг шийдвэрлэдэг. Өнөөдрийн байдлаар “П.Батчулуун эмчийн хувьд хорих ял эдлэхээс чөлөөлөх өвчний жагсаалтад багтсан өвчтэй байна. Энэ хүнийг хорих ялаас чөлөөлөх нь зүйтэй” гэсэн санал дүгнэлтийг ШШГЕГ-аас гаргаж, прокурор дээр хянагдаж байна. Прокурор шүүх шинжилгээний байгууллагаар дүгнэлт гаргуулбал П.Батчулуун эмчийг хорих ялаас чөлөөлнө. Уг процесс ойролцоогоор 30 хоногийн дотор шийдвэрлэгдэх боломжтой" хэмээсэн байна.