Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч суларна

Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч суларна

Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлснээр, ойрын өдрүүдэд хоногтоо ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч сул байна.

2023 оны 12 дугаар сарын 28-наас 2024 оны 1 дүгээр сарын 1-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна. Энэ сарын 28-нд Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр, 29-нд Алтай, Хангайн уулархаг нутаг болон говийн бүс нутгийн баруун хэсгээр, 30-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 31-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 29-нд Алтайн салбар уулсаар, 30, 31-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -30...-35 градус, өдөртөө -19...-24 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -25...-30 градус, өдөртөө -11...-16 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө -7...-12 градус, өдөртөө +4...-1 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр шөнөдөө -12...-17 градус, өдөртөө 0...-5 градус, бусад нутгаар шөнөдөө -16...-21 градус, өдөртөө -5...-10 градус хүйтэн байна.