Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяши болон Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар нар Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих төслийн гэрээнд гарын үсэг зурав.
Уг хөтөлбөрийн хүрээнд Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвд эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх төсөл хэрэгжүүлж байгаа юм.
Ингэхдээ Улаанбаатар хотын Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвд мэс заслын дурангийн аппаратыг нийлүүлэх аж. Тус эмнэлэг мэс заслын дурангаар тоноглогдоогүйн улмаас дурангаар хийж болох мэс заслыг нээлттэй хагалгаагаар хийдэг бөгөөд энэ нь өвчтөний бие болон сэтгэл санаа, санхүүгийн хувьд хүнд дарамт учруулдаг байна. Тиймээс уг төсөл хэрэгжсэнээр энэ ачааллыг багасаж, улмаар тус дүүргийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар сайжирна гэдэгт итгэлтэй байгаагаа талууд дурдлаа.
Япон Улсын Засгийн газар нь Монгол оронд 1990 оноос өдийг хүртэл 32 жилийн турш “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн.
Харин энэ удаагийн төсөл нь Өвсний үндэс буцалтгүй тусламжийн 583 дахь, Налайх дүүрэгт хэрэгжих зургаа дахь төсөл бөгөөд 109,415 ам.доллар буюу 344,659,940 төгрөгийн санхүүжилттэй юм байна.
Мөн уг хөтөлбөрөөр дамжуулж Японы Засгийн газар хөгжиж буй орнуудын хот болон орон нутгийн засаг захиргаа, боловсрол, эрүүл мэндийн зэрэг байгууллагуудтай хамтран тухайн орон нутгийн ард иргэд үр ашгийг нь шууд хүртэх боломжтой төслүүдэд санхүүжилт олгодог. Энэ санхүүжилтийн дэмжлэг үзүүлэхэд Япон Улсын гадаад дахь дипломат төлөөлөгчийн газрууд голлох үүргийг гүйцэтгэдэг юм.