Индонез улс 99 хүүхдийн үхэлтэй холбогдуулан бүх төрлийн сиропон эмийг хориглосон талаар eagle.mn мэдээллийн сайт мэдээлэв.
Тус мэдээлэлд "Индонез улс 99 хүүхдийн үхэлтэй холбогдуулан бүх төрлийн сироп хэлбэрийн болон шингэн эмийг худалдаалах, жороор олгохыг хориглох шийдвэр гаргалаа. Энэ он гарснаас хойш тус улсад бөөрний цочмог гэмтлээс болж 99 хүүхэд нас барсан бөгөөд зарим сиропон эмнээс энэ өвчнийг өдөөдөг найрлага илэрчээ. Индонезийн эрх баригчид хүүхдүүдийн үхэлтэй холбоотой сиропон эмний нэр төрлийг одоогоор зарлаагүй байна. Африкийн Гамби улсад 70 орчим хүүхдийн нас барсан шалтгааныг Энэтхэгт үйлдвэрлэсэн ханиадны сироптой холбоотой гэдгийг энэ сарын эхээр дэлхийн эрүүл мэндийн байгууллага тогтоосон. Тус улсад долоодугаар сарын сүүлээр таваас доош насны хүүхдүүдийн дунд бөөрний цочмог гэмтлийн тохиолдол нэмэгдэж эхэлжээ.
Энэтхэгийн “Maiden Pharmaceuticals” компанийн үйлдвэрлэсэн хүүхдийн ханиадны дөрвөн төрлийн сироп диэтилен гликол, этилен гликол бодисууд зөвшөөрөгдсөн хэмжээнээс маш ихээр агуулж байсныг ДЭМБ тогтоосон. Энэ сироп нь бөөрний цочмог гэмтэл үүсгэхээс гадна бөөлжилт, суулгалт, шээс хаагдах, толгой өвдөх зэрэг шинж тэмдгийг үүсгэж, цаашлаад үхэлд хүргэх аюултай аж" гэжээ.