Ливийн зүүн хэсгийн Бенгази хотын боомтод байрлаж байсан Оросын Тэнгисийн цэргийн флотын Merkury корветт хөлөг онгоц нисгэгчгүй далайн төхөөрөмжийн халдлагад өртөж, живсэн талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна.
ВИДЕО:
Тодруулбал, өчигдөр /2026.11.22/ нийтлэгдсэн хиймэл дагуулын шинэ зургуудыг АНУ-ын Vantor компаниас авч үзэхэд Оросын байлдааны хөлөг онгоцны ихэнх хэсэг усанд живж, зөвхөн урд хэсэг нь усны мандал дээр үлдсэн байдалтай харагджээ. Мөн хөлөг онгоцны зогсоол орчимд гал түймрийн ул мөр, утаа болон сүйрсэн эд ангиуд ажиглагдаж байгаа ажээ.
Ливийн зүүн хэсгийг хянадаг Засгийн газрын мэдээлснээр, урьдчилсан мөрдөн шалгалтаар тус хөлөг онгоц нисгэгчгүй төхөөрөмжийн халдлагад өртсөн байж болзошгүй гэж үзжээ.
Харин "Associated Press" агентлагийн Ливийн цэргийн албан тушаалтнуудаас авсан мэдээллээр, халдлагад нийт зургаан нисгэгчгүй далайн төхөөрөмж оролцсоноос дөрвийг нь амдан устгаж, хоёр нь хөлөг онгоцыг оножээ. Үүний улмаас хүчтэй дэлбэрэлт болж, гал гарсан байна. Орон нутгийн эрх баригчид Оросын талтай хамтран хэрэг явдлыг шалгаж эхэлсэн бөгөөд хөлгийн багийнхныг аварсан гэж мэдээлжээ.
Reuters агентлагийн мэдээлэлд Орос болон Ливийн 10 иргэн хөнгөн гэмтсэн гэж дурдсан бол Ливийн зүүн хэсгийн эрх баригчдын анхны мэдэгдэлд хүний амь нас эрсдээгүй гэжээ. Merkury хөлөг онгоц нь Оросын Тэнгисийн цэргийн флотын Steregushchiy ангиллын, төслийн 20380 загварын корветт аж. Тус хөлөг онгоц Бенгази боомтод шатахуун болон бусад хангамж авахаар зогссон бөгөөд Орос руу буцах замдаа явж байжээ.
Одоогоор Украины тал уг халдлагын талаар албан ёсны мэдэгдэл хийгээгүй бөгөөд ямар нэгэн бүлэглэл хариуцлага хүлээгээгүй байна. Харин барууны зарим хэвлэл болон цэргийн шинжээчид уг ажиллагааг Украины далайн нисгэгчгүй төхөөрөмжийн халдлага байж болзошгүй гэж таамаглаж байгаа аж.
Ливийн зүүн болон баруун хэсгийн эрх баригчид тус улсын боомт, нутаг дэвсгэрийг гадаадын зөрчил мөргөлдөөний талбар болгохгүй байхыг анхааруулжээ. Хэрэв Украины оролцоо батлагдвал энэ нь Орос, Украины дайны хүрээнд Украины тал Оросын тэнгисийн цэргийн хүчинд Хар тэнгисээс нэлээд алслагдсан бүс нутагт цохилт өгсөн томоохон ажиллагаануудын нэг болох аж. Харин ОХУ-ын тал уг халдлагын талаар одоогоор албан ёсны тайлбар хийгээгүй байгаа ажээ.