МИАТ компани Boeing 787-9 Dreamliner загварын “Мөнх хаан” онгоцоо Европын нислэгийн хоригт орсон Конго улсын "Air Congo" компанид түрээсэлжээ

МИАТ компани Boeing 787-9 Dreamliner загварын “Мөнх хаан” онгоцоо Европын нислэгийн хоригт орсон Конго улсын "Air Congo" компанид түрээсэлжээ

Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компани холын зайд нислэг үйлдвэх чадвартай Boeing 787-9 Dreamliner загварын "Мөнх хаан" онгоцоо Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын Air Congo компанид түрээслүүлжээ. Манай улсын энэхүү агаарын хөлөг Киншаса-Брюссель-Парис чиглэлд нислэг үйлдэж эхэлжээ. 

- "МӨНХ ХААН" ОНГОЦ ХЭРХЭН КОНГО УЛСАД ОЧСОН БЭ - 

Агаарын тээврийн салбарын олон улсын хэвлэлүүдийн мэдээлснээр МИАТ компанийн Boeing 787-9 Dreamliner “Мөнх хаан” онгоцыг Air Congo компанид түрээслүүлэх хэлцлийг Их Британид төвтэй Chapman Freeborn компани зохион байгуулжээ. Тус компанийн ACMI болон агаарын хөлгийн түрээсийн баг Air Congo-гийн үйл ажиллагааны хэрэгцээ, зорчигч тээврийн хүчин чадлыг судалж, МИАТ-ийг тохирох түрээслүүлэгчээр сонгон, хоёр компанийн хэлэлцээр болон онгоц хүлээлгэн өгөх үйл явцыг зохицуулсан байна.

Онгоц 2026 оны аравдугаар сарын 27 /2027.10.27/-нд Конго улсын нийслэл Киншаса хотын Н'джили олон улсын нисэх буудалд хүрч, аравдугаар сарын 31 /2027.10.31/-нд Конго улсаас анхны нислэгээ үйлджээ. 

Олон улсын нисэхийн салбарын Aviacionline хэвлэлд "МИАТ-ийн хувьд уг түрээсийн хэлцэл нь эрэлт багатай улиралд онгоцоо гуравдагч компанид ашиглуулж, нэмэлт орлого олох боломж" гэж тайлбарлажээ. МИАТ компани хоёр ширхэг Boeing 787-9 онгоцоор Сөүл, Истанбул, Франкфурт гэсэн холын чиглэлд нислэг үйлддэг бөгөөд сул ашиглагдах хүчин чадлаа түрээсээр орлого болгох боломжтой гэж үзсэн байна.

-МИАТ-ИЙН "МӨНХ ХААН" АГААРЫН ХӨЛӨГ ЕВРОПЫН КОМИССЫН ХОРИГТ БАГТСАН УЛСЫН НИСЛЭГТ ҮЙЛЧИЛЖ БАЙНА- 

Монгол Улсад бүртгэлтэй иргэний нисэхийн онгоц Африкийн төв хэсгээс Европын чиглэлд нислэг үйлдэж эхэлсэн нь олон нийтийн анхаарлыг багагүй татаж байна. Учир нь Конго улсын иргэний нисэхийн байгууллагын зохицуулалтад байдаг агаарын тээвэрлэгчид Европын Холбооны агаарын аюулгүй байдлын жагсаалтад багтдагтай холбоотой аж. 

Европын Холбоо 2006 оноос БНАКУ-ын эрх бүхий байгууллагаас гэрчилгээ авсан агаарын тээврийн компаниудад нислэгийн хориг тавьж иржээ.

Европын Комиссын 2023 оны зургаадугаар сарын 6-ны өдрийн 2023/1111 дугаар журмын баримт бичигт тус улсын иргэний нисэхийн байгууллагын хяналт, зохицуулалтын тогтолцоонд эргэлзээ байгааг дурдсан байна. Тодруулбал, Европын Комисс тус улсын иргэний нисэхийн байгууллагаас агаарын тээвэрлэгчдэд үйл ажиллагааны гэрчилгээ олгох, гэрчилгээний хүчинтэй хугацааг сунгахдаа олон улсын аюулгүй ажиллагааны стандартыг хэрхэн хангуулж байгааг нотлох нэмэлт мэдээлэл шаарджээ.

Мөн Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-ын 2023 оны хоёрдугаар сарын аудитын үеэр агаарын навигацийн үйлчилгээтэй холбоотой хоёр ноцтой аюулгүй байдлын асуудал илэрсэн байна. Үүнд багажит нислэгийн журам болон навигацийн туслах төхөөрөмжийн нислэгийн шалгалттай холбоотой дутагдал багтжээ. Европын Комисс эдгээр нөхцөлийг харгалзан тус улсын эрх бүхий байгууллага олон улсын стандартыг хэрэгжүүлж, мөрдүүлэх хангалттай чадавхаа нотлоогүй гэж үзсэн байна. Түүнчлэн Европын Комиссын 2026 оны зургаадугаар сарын 9-ний шинэчилсэн агаарын аюулгүй байдлын жагсаалтад ч БНАКУ-ын иргэний нисэхийн байгууллагын хяналтад байдаг агаарын тээвэрлэгчид багтсан хэвээр байна.  БНАКУ-ын агаарын тээвэрлэгчид Европын Холбооны нислэгийн хоригт багтдаг ч тус улсын компаниуд шаардлага хангасан өөр улсын агаарын тээвэрлэгчийн онгоц, нисэх багийг ашиглан Европ руу нислэг үйлдэх боломжтой. 

-КОНГО УЛСАД ОНГОЦОО АШИГЛУУЛАХ НЬ МАНАЙ УЛСАД ЯМАР "ЭРСДЭЛТЭЙ" ВЭ- 

Юуны өмнө, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын агаарын тээвэрлэгчид Европын Холбооны жагсаалтад багтсан гэдэг шалтгаанаар Монгол Улс, эсвэл МИАТ автоматаар хоригт орохгүй юм.  Гэхдээ Европын Холбооны Нисэхийн аюулгүй байдлын агентлаг (EASA)-ийн Third Country Operator буюу гуравдагч улсын операторын зохицуулалтаар Европын Холбооны нутаг дэвсгэрт арилжааны нислэг үйлдэх гадаадын оператор EASA-аас аюулгүй ажиллагааны зөвшөөрөл авсан байх шаардлагатай. 

Харин гэрээний нөхцөл, нислэгийн үйл ажиллагааны хариуцлага, аюулгүй ажиллагаа, даатгалтай холбоотой эрсдэл гарахыг үгүйсгэх аргагүй. Тухайлбал, нислэгийн үеэр техникийн гэмтэл, осол, аюулгүй ажиллагааны зөрчил гарсан тохиолдолд аль улсын, аль компанийн зохицуулалт үйлчлэх, хохирлыг хэн хариуцах нь гэрээ болон нислэгийн операторын статусаас хамаарна. Мөн онгоцны техникийн бүрэн бүтэн байдал, засвар үйлчилгээ, нисэх багийн бэлтгэл, даатгалын хамгаалалт зэрэг нь олон улсын шаардлагад нийцэж байх ёстой. Эдгээр нөхцөл хангагдаагүй тохиолдолд МИАТ-ийн нэр хүнд, цаашдын олон улсын хамтын ажиллагаанд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй ажээ. 

-МИАТ ӨМНӨ НЬ BOEING 787-9 ОНГОЦОО ГАДААДЫН КОМПАНИД ТҮРЭЭСЭЛЖ БАЙЖЭЭ- 

МИАТ 2023 оны тавдугаар сард АНУ-ын AerCap компанитай хоёр ширхэг Boeing 787-9 Dreamliner онгоцыг урт хугацааны үйл ажиллагааны түрээсээр ашиглах гэрээ байгуулсан. Эхний онгоц 2023 оны наймдугаар сарын 11-нд, хоёр дахь онгоц 2024 оны дөрөвдүгээр сард Монголд ирсэн юм.

Эдгээр онгоцны нэг болох EI-MGL бүртгэлийн дугаартай “Мөнх хаан” Dreamliner-ийг 2025 оны арванхоёрдугаар сард Бахрейны Gulf Air компанид нойтон түрээсээр ашиглуулж байжээ.

Тодруулбал, тус онгоц 2025 оны арванхоёрдугаар сарын 12-нд Улаанбаатараас Бахрейн руу нисэж, арванхоёрдугаар сарын 14-нөөс Бахрейн-Манила чиглэлд Gulf Air компанийн нислэг үйлдэж эхэлсэн байна. Улмаар 2026 оны гуравдугаар сард МИАТ-д буцаж иржээ.




Өнөөдөр хонь өдөр

52 минутын өмнө