Өсвөр насны охид “Шангрила” зочид буудлын орчимд нэгнээ зодож, биед нь халдаж буй зэрэг бичлэг энэ оны гуравдугаар сард цахим сүлжээнд нийтлэгдэж, үе тэнгийн дээрэлхэлт ямар түвшинд байгаа талаар олон нийтийн сүлжээнд асуудал хөндөгдсөн байдаг. Тэгвэл үе тэнгийн дээрэлхэлтэд өртөж буй хүүхэд ямар зан ааштай болж хэрхэн өөрчлөгддөг болон сургуулиуд ямар арга хэмжээ авч байгаа талаар энэхүү сурвалжилгыг бэлтгэлээ.
ВИДЕО:
Өнөө цагт үе тэнгийн дээрэлхэлт нийгмийн хамгийн том асуудлуудын нэг болоод байна. Өнгөрсөн гуравдугаар сард “Шангрила” зочид буудлын шатны хонгилд болсон хэргээс хойш үе тэнгийн дээрэлхэлт олны анхааралд орж, үүний араас цахим сүлжээнд бие биеэ дээрэлхэж, хүчирхийлж байгаа дүрс, бичлэгүүд ар араасаа гарч ирж эхэлсэн байдаг. Гэхдээ энэ асуудал яг одоогийн нөхцөл байдал зүгээр л мартагдсан уу, эсвэл тус асуудлаас хойш үе тэнгийн дээрэлхэлт алга болсон уу гэдэг эргэлзээ олон нийтийн дунд байгаа юм.
-“ЭХЛЭЭД ХҮҮХДИЙН ОНЦ, МУУ СУРАХАД БИШ ХАРИЛЦАА, ХАНДЛАГАД АНХААРАХ ХЭРЭГТЭЙ”-
Энэ талаар МУБИС-ийн багш доктор, дэд профессор Н.Цогзолмаа, “Би олон сургуулиудаар явж үе тэнгийн дээрэлхэлтийн талаар судалгаа хийсэн. Үе тэнгийн дээрэлхэлт огт байхгүй болсон уу гэвэл үгүй. Ямар хүүхэд үе тэнгийн дээрэлхэлтэд өртөөд байна гэвэл бусдаас өөр, илүү онц сурдаг, илүү хөөрхөн ч юм уу хүүхдүүд гэж анзаарагддаг. Гэр бүлийн гишүүд хүүхдээ үргэлж анзаарч байх хэрэгтэй. Зан ааш нь өөрчлөгдөж байна уу, тантай ярилцаж байна уу гээд анзаарч чадвал дээрэлхэлтэд өртөж байгаа хүүхэд илт мэдэгдэхүйц өөрчлөгддөг.

Би ЕБС дээр судалгаа хийж байхад нэг охин цонх руу ширтээд бодолд автчихсан зогсож байгаа зураглалтай хэд хэдэн удаа таарсан. Сүүлдээ тэсэлгүй очоод, “Чи зүгээр үү. Чамд ямар нэгэн асуудал тулгарсан бол надтай ярилцаж болно шүү” гэхэд “Би зүгээр ээ” гэж хариулсан. Тэгээд цааш ярилцаад, ойлголцоод эхлэхээр үе тэнгийн дээрэлхэлтэд өртсөн хүүхэд байсан. Хохирч байгаа хүүхэд нэг асуултаар өөрийгөө хэзээ ч илэрхийлддэггүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Эсрэгээрээ аав, ээждээ онц сурдаг, багш гарын нүдэнд ч гэсэн онц сурдаг, мундаг охин байсан хэдий ч үе тэнгийнхэн дундаа хамгийн айхтар дээрэлхэгч байсан ч тохиолдол байдаг. Иймд зөвхөн хүүхдийнхээ сурлагад биш, харилцаа, хандлагыг зөв төлөвшүүлэхэд гэр бүлийнхэн нь хичээх хэрэгтэй байна” хэмээлээ.
-"ДЭЭРЭЛХЭЛТЭД ӨРТӨЖ БУЙ ХҮҮХДҮҮД ГЭРИЙХЭНДЭЭ ХЭЛВЭЛ ДАРАА ИЛҮҮ ИХ ДЭЭРЭХҮҮЛЭХ БАЙХ ХЭМЭЭН АЙДАГ"-
Харин нэгэн үе тэнгийн дээрэлхэлтэд өртөж байсан ЕБС-ийн сурагч, “Үе тэнгийн дээрэлхэлт одоо ч бидний дунд байсаар байгаа. Одоогоос гурван жилийн өмнө манай ангийн охин дээд ангийн төрсөн эгчтэйгээ нийлж намайг байнга дээрэлхдэг байв. Гэхдээ ганцхан намайг ч гэлтгүй өөр олон хүүхэд дээрэлхдэг байсныг сүүлд нь мэдсэн. Олон нийт дээрэлхэлт гэхээр хөвгүүдийг гэж боддог ч бодит байдал дээр охидууд биенээ дээрэлхэх тохиолдол маш их байдаг. Тухайн хоёр охин намайг ариун цэврийн өрөөнд зодож, муухай үгээр доромжилдог байсан. Сүүлдээ энэ асуудал даамжирч биеийн нууц хэсгүүдээ ил гаргахыг хүртэл шаардаж эхэлсэн.

Тэр үед гэр бүлийнхэндээ хэдэх зориг надаа үнэхээр байгаагүй. Хэрвээ хэлчих юм бол нөгөө хоёр намайг бүр л их дээрэлхэх байх, ингээд явж байхад намайг дээрэлхэхээ больчих байх гэж найддаг байсан. Гэхдээ энэ бодол маань буруу байсан. Энэ асуудал удах тусам л дээрэлхэх хэлбэр нь хүндрээд, би ангийнхаа хэнтэй ч харьцахыг хүсдэггүй болсон. Хичээлдээ явахдаа дургүй, хурдхан хичээл тараасай, амраасай гэж боддог болсон. Энэ үед манай гэр бүлийнхэн намайг анзаарч ярилцсанаар сургуулийн удирдлагуудад мэдэгдсэнээр нөгөө хоёр охин намайг дахиж дээрэлхэхээ больсон” гэсэн юм.