Ирэх оноос хэрэгжих “Тамхины тухай хууль” шагийн наймааг гааруулж, 300 тэрбум төгрөгийн татварын орлогыг далд эдийн засаг руу алдана

Ирэх оноос хэрэгжих “Тамхины тухай хууль” шагийн наймааг гааруулж, 300 тэрбум төгрөгийн татварын орлогыг далд эдийн засаг руу алдана

Монгол Улсын Их Хурал 2026 оны аравдугаар сарын 16-ны өдөр Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталсан бөгөөд уг хууль 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс албан ёсоор хэрэгжиж эхэлнэ. Шинэчилсэн зохицуулалтаар электрон болон уламжлалт тамхины төрлүүдэд ижил хяналт тогтоож, залуусын хэрэглээг өдөөж буй жимс, гаа зэрэг бүх төрлийн амт, үнэр оруулагчийг бүрэн хориглохоор тусгасан.

-ХЭРЭГЛЭГЧИЙН ЗАН ТӨЛӨВ ДАЛД ХЭЛБЭРТ ШИЛЖИХ ҮЙЛ ЯВЦЫГ ШУУД ЗОГСООХ БОЛОМЖГҮЙ ЮМ-

Энэхүү алхам нь хүн амын эрүүл мэндийг хамгаалах сайн санаачилга боловч хэрэглэгчийн бодит эрэлт хэвээр үлдсэн нөхцөлд хууль ёсны зах зээлийг хумих нь сүүдрийн эдийн засаг, шагийн наймааг гааруулах, улмаар улсын төсвийн татварын бааз суурийг сулруулах эрсдэлийг дагуулж байгааг эдийн засагчид болон олон улсын судалгаанууд анхааруулж байгаа билээ.  Эдийн засгийн үндсэн хуулиар зах зээлд бэлэн байгаа эрэлтийг захиргааны аргаар шууд хориглох нь тухайн бүтээгдэхүүнийг үгүй болгодоггүй, харин далд хэлбэрт шилжүүлдэг байна. Өнөөдөр Монгол Улсын тамхины зах зээлийн, ялангуяа электрон тамхины (вэйп) салбарын дийлэнх хувийг амт, үнэртэй бүтээгдэхүүн бүрдүүлж байгаа бөгөөд хэрэглэгчдийн дунд хэдийнэ тогтсон хэрэглээ үүссэн.

Хууль ёсны цэгүүдээр эдгээр бүтээгдэхүүнийг борлуулах, худалдааны цэгүүдэд дэлгэж тавихыг хориглосноор хэрэглэгчид цахим сүлжээ, гар дээрээс болон нууц сувгуудаар дамжуулан худалдан авалт хийж эхлэх суурь нөхцөл бүрдэнэ. Шинэ хуулиар хяналт, хариуцлагыг чангатгаж, хууль зөрчсөн иргэн, аж ахуйн нэгжид ногдуулах торгуулийн хэмжээг нэмэгдүүлсэн ч хэрэглэгчийн зан төлөв далд хэлбэрт шилжих үйл явцыг шууд зогсоох боломжгүй юм. Энэ нь чанарын баталгаагүй, хаана үйлдвэрлэгдсэн нь тодорхойгүй бүтээгдэхүүний хууль бус импортыг дэвэргэж, зохион байгуулалттай гэмт хэргийн бүлгүүдийн санхүүжилтийг тэтгэх эрсдэлтэйг Дэлхийн банкны "Тамхины хууль бус худалдаатай тэмцэх нь" тайланд дурдсан байдаг. Хил гаалийн хяналт сул эсвэл авлигын эрсдэл өндөртэй орнуудад ийм төрлийн хориг нь шагийн наймааг хяналтгүйгээр гааруулах үндсэн хөшүүрэг болдог байна.

-ЁСНЫ БОРЛУУЛАЛТЫГ ХЭТ БООМИЛОХ НЬ ТАТВАРЫН ОРЛОГЫГ ӨСГӨХ БИШ, ХАРИН ХҮМҮҮСИЙГ ТАТВАРААС ЗАЙЛСХИЙХ СЭДЭЛ РҮҮ ХӨТӨЛЖ БОЛНО-

Монгол Улс жил бүр тамхины бүтээгдэхүүний татвараас 300 орчим тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлдэг. Шинэ хуулиар тамхины бүх төрлийн бүтээгдэхүүний онцгой албан татварыг 2027 оноос 2031 он хүртэл үе шаттайгаар тасралтгүй нэмэгдүүлэхээр баталсан. Засгийн газраас татвар нэмснээр төсвийн орлого өснө гэж төсөөлж байгаа ч татвар төлдөг, албан ёсны зөвшөөрөлтэй хууль ёсны зах зээл нь өөрөө хумигдвал тухайн орлогыг бүрдүүлэх боломжгүй юм.

Эдийн засгийн онолын "Лафферын муруй"-д тайлбарласнаар татварын хувь хэмжээг тодорхой цэгээс хэтрүүлэн нэмэх эсвэл хууль ёсны борлуулалтыг хэт боомилох нь татварын орлогыг өсгөх биш, харин хүмүүсийг татвараас зайлсхийх сэдэл рүү хөтөлж, төсвийн орлогыг огцом бууруулдаг.

Албан ёсны зах зээлээс далд зах зээл рүү шилжсэн тамхины ширхэг бүрээс улс нэг ч төгрөгийн татвар авч чадахгүйд хүрч, одоогийн төвлөрүүлж буй 300 тэрбум төгрөгийн орлого ч тасалдах магадлалтай гэж ойлгож болно.

Үүнээс гадна уг хориг нь Монголын жижиглэн худалдаа эрхлэгчид, тэр дундаа орлогынхоо тодорхой хувийг тамхины тогтмол борлуулалтаар бүрдүүлдэг гэр хороолол, орон сууцны дундах жижиг хүнсний дэлгүүрүүдийн ашигт шууд цохилт өгнө. Хууль ёсны борлуулалт хаагдсанаар жижиг бизнесүүдийн орлого буурч, ажлын байраа хадгалах чадвар нь сулрах эдийн засгийн дам нөлөөтэй.

-ДАЛД ЗАХ ЗЭЭЛТЭЙ ТЭМЦЭХ ХИЛ ГААЛИЙН БОЛОН ЦАГДААГИЙН ХЯНАЛТЫН ЦОГЦ МЕХАНИЗМ БҮРДҮҮЛЭЭГҮЙ-

Хууль ёсны хориг болон хэт өндөр татвар нь далд эдийн засгийг хэрхэн тэтгэдгийг барууны болон Азийн орнуудын бодит баримтууд бэлхнээ харуулдаг.

  • Канад улс: National Post хэвлэлийн мэдээлсэн болон EY Canada байгууллагын хийсэн сүүлийн үеийн судалгаагаар Канадад хууль бус тамхины худалдаа эрчимтэй өсөж, 2023–2025 онд 2.75 тэрбум хүртэлх канад долларын татварын боломжит орлогоо алджээ. Тус улсын Онтарио мужийн тамхины зах зээлийн 42–53 хувь, Бритиш Колумби мужийн 33–46 хувийг зөвхөн хууль бус, татваргүй бүтээгдэхүүн эзэлж байна. Энэ нь төрөөс тогтоосон өндөр татвар болон хууль ёсны бүтээгдэхүүний үнийн хэт өсөлтөөс үүдэлтэй юм.
  • Малайз улс: Тус улс тамхины онцгой албан татварыг богино хугацаанд огцом нэмэгдүүлснээр 2020 оны байдлаар нийт тамхины зах зээлийнх нь 64 хувийг хууль бус тамхи эзлэх болсон. Үүний улмаас Малайзын засгийн газар жил бүр 5 тэрбум гаруй ринггит (ойролцоогоор 1.1 тэрбум ам.доллар) татварын орлогоо алдсан бөгөөд дараа нь бодлогын алдаагаа засахын тулд зохицуулалтаа уян хатан болгохоос өөр аргагүйд хүрсэн байна.

Эдгээр орнуудын жишээ нь хэрэглэгчийн зан төлөв, эрэлтийг тооцолгүйгээр зөвхөн захиргааны хориг тавих нь эрүүл мэндийн зорилгодоо бүрэн хүрч чаддаггүй төдийгүй, улс орныг санхүүгийн хувьд асар том хохиролд унагадгийг баталж байна. Монгол Улсын хувьд 2027 оноос хэрэгжих хуулийн хэрэгжилтэд эдийн засгийн энэхүү эрсдэлийг тооцож, далд зах зээлтэй тэмцэх хил гаалийн болон цагдаагийн хяналтын цогц механизм бүрдүүлээгүй тохиолдолд татварын орлогоо хууль бус наймаачдад алдах эрсдэл өндөр байж болзошгүй.

 




Өнөөдөр үхэр өдөр

22 минутын өмнө