Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойд зориулсан “Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр /2026.11.09/ Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор Төрийн ордонд боллоо.
Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн болон Хархорум хотын Зөвлөл хамтран зохион байгуулсан тус хурлыг УИХ-ын дарга С.Бямбацогт нээж үг хэлэв. Тэрбээр “Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог. Иргэдээ сонсдог парламент бол хамгийн ардчилсан парламент” хэмээн онцлоод, УИХ-ын үйл ажиллагааг нээлттэй болгож, иргэд мэдээлэл, баримттай цахимаар танилцах боломжийг бүрдүүлсэн болон “Улсын Их Хурал таныг сонсож байна” платформыг ажиллуулж эхэлснийг дурджээ. Мөн найман зууны тэртээ Их Монгол Улсын төрийн хэргийг ганцаар шийдэх бус, хамтаар зөвшин хэлэлцдэг байсан төрт ёсны уламжлал өнөө цагт ардчилал, зөвшилцлийн үнэт зүйл болон үргэлжилж байгааг тэмдэглэсэн байна. Түүнчлэн төрийн жинхэнэ хүч эрх мэдлийн сүрд бус, хууль цаазыг дээдлэн сахих ёсонд оршдогийг онцолж, хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх нь Үндсэн хуулиар баталгаажсан зарчим гэв. Түүний хэлснээр, хууль батлах нь өөрөө хангалтгүй бөгөөд тухайн хууль иргэдийн амьдралд бодит өөрчлөлт, үр дүн авчрах нь парламентын ажлын үнэ цэн юм.

Хурлын анхны илтгэлийг Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, Хархорум хотын Зөвлөлийн дарга Н.Энхбаяр “Дэг журам ба хууль: Pax Mongolica, Их Засаг, Хархорум” сэдвээр танилцууллаа. Тэрбээр илтгэлдээ “Их Засаг” хуулийн тухай бид ямар баримт мэддэг, эх бичвэр нь үлдээгүй хуулийг яагаад Үндсэн хуультай адилтган үзэж болох, мөн Их хуралдай, Хархорум, Pax Mongolica-тай ямар холбоотой байсан талаар хөндсөн юм. Н.Энхбаяр “Их Засаг” хуулийг ганц бичиг баримт бус, Их Британи, Израилийн Үндсэн хуулийн нэгэн адил бичмэл акт, шүүхийн шийдвэр, бичигдээгүй уламжлалаас бүрдсэн, цаг хугацааны явцад хөгжиж ирсэн Үндсэн хуулийн цогц тогтолцоо байсан хэмээн тайлбарлажээ. Түүний үзсэнээр, Их хуралдай нь хууль тогтоох эрх бүхий байгууллага, Хархорум нь уг хуулийг хэрэгжүүлэх төв, Pax Mongolica нь тив дамнасан зохицуулалт байжээ.
Мөн Чингис хаан 1204 болон 1206 онд нийгмийг аравтын тогтолцоогоор шинэчлэн зохион байгуулж, овог аймгаасаа илүү төрд үнэнч байхыг шаардсан шийдвэрүүд гаргасныг дурдсан байна. Түүнчлэн “Монголын нууц товчоо”-ны 203 дугаар зүйлд өгүүлснээр Чингис хаан Шихихутагийг Их заргачаар томилж, шийдвэрлэсэн заргууд болон улс, иргэний хуваарийг “Хөх дэвтэр”-т бичүүлэн, “хойч үед хэн ч бүү өөрчил” хэмээн зарлигласан нь монгол бичмэл эрх зүйн хамгийн эртний, найдвартай баримт болохыг онцолжээ. “Их Засаг” хууль нэг өдөр батлагдаад өөрчлөгдөхгүйгээр үлдээгүй, харин хаан бүрийн өргөмжлөлөөр дахин баталгаажиж ирсэн гэж тэрбээр тайлбарласан байна.
Илтгэлийнхээ төгсгөлд Н.Энхбаяр “Их Засаг” хууль болон түүнтэй холбоотой мэдээ, зарлиг, ярлигуудыг эх хэлээр нь цуглуулж, холбогдох судалгааны хамт монгол хэлнээ орчуулан, баримтын найдвартай байдлаар нь A–D зэрэглэлд ангилах шаардлагатайг илэрхийлэв. Тэрбээр Их Монгол Улсын өвийг цогцоор нь судлах нь өвөг дээдсийнхээ дурсгалыг хүндэтгэхийн зэрэгцээ Их эзэнт гүрний эрх зүйн тогтолцоо, түүний залгамж улсуудад мөрдөгдөж байсан “Их Засаг” хуулийг судлахад чухал ач холбогдолтойг тэмдэглэжээ.
