Эрт илрүүлэгт хамрагдсан хүүхдүүдийн 41.2 хувь нь нэмэлт оношилгоо шаардлагатай эрсдэлтэй байна

Эрт илрүүлэгт хамрагдсан хүүхдүүдийн 41.2 хувь нь нэмэлт оношилгоо шаардлагатай эрсдэлтэй байна

2026 оны аравдугаар сарын 23-ны байдлаар улсын хэмжээнд 198,302 хүүхэд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамрагдаж эхэлсэн нь зорилтот бүлгийн 69.4 хувьтай тэнцэж байна. Харин 130,450 хүүхэд буюу 45.7 хувь нь эмчийн үзлэгт бүрэн хамрагджээ.

Эрүүл мэндийн яам, Боловсролын яам хамтран цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суурилсан уг үзлэгийг аравдугаар сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 1-ний өдрийг хүртэл улсын хэмжээнд зохион байгуулж байна. Үзлэгт хамрагдсан хүүхдүүдийн эрсдэлийн үнэлгээгээр 26.3 хувь нь хэвийн, 24.1 хувь нь бага эрсдэлтэй, 41.2 хувь нь нэмэлт үнэлгээ, оношилгоо шаардлагатай дунд эрсдэлтэй, 8.4 хувь нь өндөр эрсдэлтэй гэж үнэлэгджээ.

Дунд эрсдэлтэй хүүхдүүдийн дунд шүдний өвчлөл зонхилж байгаа бол өндөр эрсдэлтэй хүүхдүүдийн дунд хөгжлийн хоцрогдол, биеийн жингийн өөрчлөлт түлхүү илэрч байгаа аж.

Энэ удаагийн эрт илрүүлгийг хүүхдийн нас, хөгжлийн онцлогт тохируулан 3, 6, 11, 15 настайд зохион байгуулж, өсөлт хөгжил, хараа, биеийн ерөнхий эрүүл мэндийг үнэлэхийн зэрэгцээ насны онцлогт тохирсон эрсдэлийг илрүүлж байна.

Үзлэгийн зорилго нь хүүхдийн өвчлөл, эрсдэлийг эрт илрүүлж, шаардлагатай нэмэлт үнэлгээ, оношилгоо, тусламж үйлчилгээнд цаг алдалгүй холбон, өвчний хүндрэлээс урьдчилан сэргийлэх юм. Иймд эцэг эх, асран хамгаалагчдыг хүүхдээ үзлэгт идэвхтэй хамруулж, эмчийн зөвлөгөө, зөвлөмжийг хэрэгжүүлэхийг холбогдох байгууллагуудаас уриаллаа.




Өнөөдөр хонь өдөр

7 цагийн өмнө