Монгол, Финландын хамтын ажиллагааны хүрээнд 10 баримт бичигт гарын үсэг зурлаа

Монгол, Финландын хамтын ажиллагааны хүрээнд 10 баримт бичигт гарын үсэг зурлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Финланд Улсад хэрэгжүүлж буй төрийн айлчлалын хүрээнд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр 10 баримт бичигт гарын үсэг зурлаа.

Баримт бичгүүдийг 2026 оны аравдугаар сарын 23-нд байгуулсан бөгөөд боловсрол, спорт, шинжлэх ухаан, соёл, бүс нутгийн хөгжил, худалдаа, барилга, эрчим хүчний салбарыг хамарчээ.

- Боловсролын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ - 

Монгол Улсын Боловсролын яам Туркугийн их сургууль, Зүүн Финландын их сургуультай хамтын ажиллагааны баримт бичиг байгууллаа. Ингэснээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан суралцагчдыг тус сургуулиудад суралцуулах боломж бүрдэх юм. Түүнчлэн Зүүн Финландын их сургууль жил бүр Монголын тав хүртэлх оюутныг бакалавр, магистрын түвшинд элсүүлэн суралцуулах бөгөөд суралцах ухаан, тархи судлал, хүүхдийн цогц хөгжил, боловсролын дата аналитик болон сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн үнэлгээний чиглэлээр хамтарсан судалгаа хийхээр болжээ. Мөн Финландын Туркугийн их сургууль болон Боловсрол, соёлын яамны хамтран боловсруулсан үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг Монголын ерөнхий боловсролын сургуулиудад нэвтрүүлэх, турших, түгээн дэлгэрүүлэх чиглэлээр хамтран ажиллана. Үүнээс гадна Туркугийн их сургуулиас салбарласан “Эдүтэн” компанийн хиймэл оюун, суралцахуйн аналитикт суурилсан цахим платформыг Монголын ерөнхий боловсролын сургуулиудад нэвтрүүлэх боломжийг судална. Монголын Боловсролын их сургууль болон Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн Финландын их сургуулиудтай хамтран багшийн боловсролыг шинэчлэх, байгууллагын чадавхыг бэхжүүлэх юм.

- Музей хоорондын хамтын ажиллагаа хөгжүүлнэ - 

“Чингис хаан” Үндэсний музей болон Финландын Үндэсний музей хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Хоёр музей цуглуулга, эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр хамтран ажиллахаас гадна олон улсын хурал, сургалт, семинар, форум зохион байгуулна. Мөн хамтарсан үзэсгэлэн гаргах боломжийг бүрдүүлж, Монголын нүүдэлчдийн өв соёл, морьтны соёл, эсгий урлал, Монголын эзэнт гүрний өвийг Европын үзэгчдэд таниулахын зэрэгцээ Финландын эртний түүх, Арктикийн амьдралын хэв маяг, Фин-Угор соёлыг Монголын үзэгчдэд хүргэхээр төлөвлөжээ.

- Хөвсгөл аймаг, Лапланд муж хамтран ажиллана - 

Монгол Улсын Хөвсгөл аймаг болон Финландын Лапланд муж бүс нутгийн тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлээр хамтран ажиллахаар боллоо. Энэ хүрээнд цаа бугын аж ахуй, тогтвортой болон өвлийн аялал жуулчлал, байгаль хамгааллын чиглэлээр мэдлэг, туршлага солилцох юм.

- Худалдаа, барилга, эрчим хүчний салбарт түншлэл өргөжүүлнэ - 

Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим болон Финландын Худалдааны танхим худалдаа, хөрөнгө оруулалт, зах зээлийн боломжийн талаарх мэдээлэл солилцох, бизнес форум, үзэсгэлэн, яармаг зохион байгуулах, хоёр орны компаниудын хамтын ажиллагааг дэмжихээр тохиролцжээ. Мөн “Хонка Лог Хоум” ХХК болон “Хонкарэкэннэ” компани эрчим хүчний хэмнэлттэй Финланд дүнзэн барилгын шийдлийг Монголд хөгжүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ. Талууд орон сууц, сургууль, цэцэрлэг, аялал жуулчлалын болон нийтийн зориулалттай барилгын төслүүдэд байгалийн гаралтай материалын хэрэглээг нэмэгдүүлэх, барилгын зураг төсөл, угсралт, ашиглалт, засвар үйлчилгээний чиглэлээр туршлага солилцох юм.

Түүнчлэн “Бичура Энержи” ХХК болон “Полар Найт Энержи” компани Монгол Улсад дулааны эрчим хүч хуримтлуулах технологи нэвтрүүлэх боломжийг судлахаар боллоо. Хамтын ажиллагааны хүрээнд нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах, эрчим хүчний үр ашиг, аюулгүй байдлыг сайжруулах, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллана. Ийнхүү Монгол, Финландын төрийн байгууллага, их сургууль, музей, бүс нутгийн захиргаа болон хувийн хэвшлийн байгууллагуудын хамтын ажиллагааг боловсролоос эхлээд худалдаа, барилга, эрчим хүч хүртэлх өргөн хүрээнд хөгжүүлэхээр болжээ.




Өнөөдөр хонь өдөр

4 цагийн өмнө