Дорнод, Сүхбаатар аймагт мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний SAT-1 хэвшлийн дэгдэлт бүртгэгдсэнтэй холбогдуулан халдварын тархалтыг хязгаарлах, эрсдэлийг бууруулах чиглэлээр дархлаажуулалт, хорио цээр, хөдөлгөөний хяналт, тандалтын арга хэмжээг хэрэгжүүлж байна.
Дорнод аймгийн Дашбалбар, Чулуунхороот суманд наймдугаар сарын 20–21-нд шүлхийн анхны голомт илэрсэн бол Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд наймдугаар сарын 22-нд сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, наймдугаар сарын 24-нд онош нь баталгаажжээ. Сүхбаатар аймагт бүртгэгдсэн голомт нь Дорнод аймгийн Дашбалбар сумаас мал шилжүүлэн авчирсантай холбоотой бөгөөд хоёр дэгдэлт эпидемиологийн хувьд шууд хамааралтай байна.
Дэгдэлтийн хүрээнд Дорнод аймагт 1879, Сүхбаатар аймагт 213, нийт 2092 толгой мал өвчилсөн байна. Харин одоогоор өвчилсөн малыг устгалд оруулаагүй байна. Халдварын эсрэг арга хэмжээний хүрээнд хоёр аймагт нийт 44,882 толгой малд дархлаажуулалт хийжээ. Дорнод аймагт яаралтай дархлаажуулалтаар 10 мянган мэдрэмтгий малаас 8743 толгой буюу 87.4 хувийг хамруулсан бөгөөд дархлаажуулалтын хоёрдугаар ээлж долоон суманд үргэлжилж байна. Мөн 11,500 тун вакцины нөөц бүрдүүлжээ. Сүхбаатар аймагт голомт болон сэжигтэй бүсийн 33 мянган толгой малд дархлаажуулалт хийхээр төлөвлөснөөс 36,139 толгой мал хамрагдсан байна. Түүнчлэн хил залгаа сумдын 46 өрхийн 4912 үхрийг БНХАУ-аас нийлүүлсэн 5000 тун вакцинаар дархлаажуулах ажлыг эхлүүлээд байгаа бөгөөд одоогоор 21 өрхийн 1173 үхрийг хамруулаад байна.
Дорнод аймагт өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, малын гарал үүслийн бичиг олголт болон мал, амьтны гаралтай бүтээгдэхүүний хөдөлгөөнд хязгаарлалт тогтоожээ. Голомтын бүсийг улаан, сэжигтэй болон хамгаалалтын гэсэн гурван давхар бүсэд хуваан хяналт тавьж байна. Тус аймагт дөрвөн замын хяналтын пост ажиллаж, тухайн өдөр 182 тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлсэн бөгөөд зөрчил илрээгүй байна.
Сүхбаатар аймагт голомтын бүсэд хоёр суурин, гурван хөдөлгөөнт, нийт таван хяналтын пост ажиллаж байна. Наймдугаар сарын 25-наас есдүгээр сарын 6-ны хооронд нийт 253 тээврийн хэрэгсэл, 573 иргэнийг хяналттайгаар нэвтрүүлжээ.
- СҮХБААТАРТ НАЙМДУГААР САРЫН 27-НООС ХОЙШ ӨВЧЛӨЛИЙН ШИНЭ ТОХИОЛДОЛ БҮРТГЭЭГҮЙ -
Сүхбаатар аймагт Дорнодтой хил залгаа сумдын 132 өрхийг хамруулсан тандалт хийж, аймгийн хэмжээнд нийт 380 өрхийг эмнэлзүйн шинж тэмдэгт суурилсан идэвхгүй тандалтад хамруулсан байна. Тандалтаар шүлхийн шинж тэмдэг илрээгүй бөгөөд наймдугаар сарын 27-ноос хойш Сүхбаатар аймагт шинэ өвчлөл бүртгэгдээгүй байна. Мөн өвчилсөн бүх үхрийн эмнэлзүйн шинж тэмдэг арилжээ.
Харин Дорнод аймагт голомтын бүсийн халдварын тархалт үргэлжилж байгаа тул тандалт, дархлаажуулалтын арга хэмжээг эрчимжүүлж байна. Мөн Эрдэнэцагаан, Халзан, Дарьганга сумдад зээрийн шилжилт хөдөлгөөн нэмэгдэж байгааг эрсдэлийн мэдээлэлд бүртгэн авч, зэрлэг амьтдаар дамжин халдвар тархах эрсдэлийг анхаарч байгаа аж. Дэгдэлтийн хариу арга хэмжээний хүрээнд Дорнод аймагт 9500, Сүхбаатар аймагт 110,300, нийт 119,800 метр квадрат талбайд халдваргүйтгэл хийсэн байна.
Эх сурвалж: Мал Эмнэлгийн Ерөнхий Газар