Олон нийтийн цахим сүлжээгээр "Үл хөдлөх хөрөнгө борлуулсны хоёр хувийн татвар бүрмөсөн хүчингүй болсон" гэх мэдээлэл цацагдаж, иргэдийн дунд төөрөгдөл үүсгээд байгаа юм. Улсын Их Хурлаас баталсан Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр уг татварыг бүрмөсөн цуцлаагүй бөгөөд зөвхөн хэсэгчилсэн чөлөөлөлт үзүүлэхээр заажээ.
Тодруулбал, хуулийн шинэ зохицуулалтаар зөвхөн “иргэний анх удаа өмчилж, амьдран суусан орон сууцыг” борлуулахад уг хоёр хувийн татвараас чөлөөлөхөөр тусгайлан зааж өгсөн байна. Энэ нь иргэн өөрийн амьдран суух зориулалтаар анх удаа худалдан авч өмчилсөн орон сууцаа эргүүлэн худалдах тохиолдолд л татвараас чөлөөлөгдөх эрх үүснэ гэсэн үг юм. Харин хоёр дахь болон түүнээс дээш орон сууц, хаус, үйлдвэр, үйлчилгээ, оффисын талбай, арилжааны зориулалттай барилга байгууламж болон газар борлуулахад хоёр хувийн татварыг хуучин хэвээр нь ногдуулж, төлүүлэх юм.