“Crossing Bridges” олон улсын гэрэл зургийн фестиваль 22 дахь удаагаа Монгол улсад анх удаа зохион байгуулагдах гэж байна.
Тодруулбал, “Crossing Bridges” Олон улсын гэрэл зургийн нийгэмлэгээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус фестиваль нь зөвхөн гэрэл зургийн наадам бус, улс орнуудын найрамдал, соёлын солилцоо, аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн олон улсын нэр хүндтэй санаачилга юм.
Энэхүү наадам нь дэлхийн өнцөг булан бүрийн гэрэл зурагчдыг нэгэн зорилгын дор нэгтгэн, гэрэл зургийн урлагаар дамжуулан улс орнуудыг холбох гүүр болдгоороо онцлогтой. 22 дахь удаагаа Монгол Улсад зохион байгуулагдаж буй гэрэл зургийн фестиваль нь Монгол Улсын түүх, соёл, шашин, өв уламжлал, нүүдэлчдийн ахуй, байгалийн өвөрмөц тогтоц, нийслэл Улаанбаатар хотыг олон улсын гэрэл зурагчдын бүтээлээр дамжуулан дэлхий дахинд сурталчлах ач холбогдолтой юм. Фестивалийн хүрээнд Улаанбаатар хот, Гандантэгчэнлин хийдийн цам харайх ёслол, тал нутгийн ахуй, “мянган морьтон” наадмын үеэр зураг авалт хийх зэрэг фото аяллууд зохион байгуулагдаж, оролцогчдын шилдэг бүтээлүүдийг тодруулах юм.
Фестивальд:
- Сингапур – 25 оролцогч
- Малайз – 18 оролцогч
- БНСУ – 13 оролцогч
- Шри-Ланка – 6 оролцогч
- Филиппин – 34 оролцогч
- Индонез – 23 оролцогч
- Вьетнам – 9 оролцогч
- Австрали – 12 оролцогч
- Монгол – 10 оролцогч гэх мэт нийт 150 гаруй гэрэл зурагчин, оролцогч фестивальд оролцох юм байна.