ЗГ-аас өргөн барьсан “Өгөгдлийн тухай” хуулийн төслөөр төрийн өгөгдлийг уялдуулж, эдийн засгийн эргэлтэд оруулах бөгөөд Ерөнхий сайд өөрөө тэргүүлнэ

ЗГ-аас өргөн барьсан “Өгөгдлийн тухай” хуулийн төслөөр төрийн өгөгдлийг уялдуулж, эдийн засгийн эргэлтэд оруулах бөгөөд Ерөнхий сайд өөрөө тэргүүлнэ

Монгол Улсад иргэн бүрийн тухай мэдээлэл төрийн үйлчилгээ, банк, эмнэлэг, холбоо зэрэг олон сувгаар өдөр бүр үүсэж байна. Төрийн байгууллага бүр өөрийн чиг үүргийн дагуу мэдээллийн сантай. Гэвч эдгээр өгөгдлийг хэрхэн үүсгэх, цуглуулах, хадгалах, хооронд нь солилцох, дахин ашиглах, устгах, эдийн засгийн эргэлтэд оруулах харилцааг бүхэлд нь нэг хуульд төвлөрүүлэн зохицуулсан эрх зүйн орчин Монгол Улсад байхгүй.

Улмаар иргэний мэдээллийг хэрхэн хамгаалах, хэн ямар зорилгоор ашиглах, төрийн байгууллагууд хоорондоо ямар нөхцөлөөр мэдээлэл солилцох вэ гэдэг асуудал чухал болж байна. Өмнө нь банк, эмнэлэг зэрэг байгууллагаас иргэдийн мэдээлэл алдагдсан тохиолдлууд ч гарч байсан. Тэгвэл Засгийн газар “Өгөгдлийн тухай” анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлээд байна. Тус хуулийн төсөл нь 6 бүлэг, 25 зүйлтэй бөгөөд өгөгдлийг зөвхөн мэдээлэл хадгалах хэрэгсэл бус эдийн засгийн үнэ цэн бүхий нөөц гэж үзэх юм. Улмаар үүсэхээс эхлээд хадгалах, ашиглах, дахин ашиглах, устгах хүртэлх бүх үе шатыг зохицуулахыг зорьсон аж.

“ӨГӨГДЛИЙГ НЭЭЛТТЭЙ, ХЯЗГААРЛАГДМАЛ, ХААЛТТАЙ ГЭЖ АНГИЛНА”

Хуулийн төсөлд өгөгдлийг нээлттэй, хязгаарлагдмал, хаалттай гэж ангилахаар тусгажээ. Энэ ангиллаас шалтгаалан тухайн өгөгдлийг хэн, ямар нөхцөлөөр ашиглах, боловсруулах, дамжуулах нь ялгаатай байна. Тухайлбал,

  • “Нээлттэй өгөгдөл” нь нийтэд ашиглуулах боломжтой мэдээлэл. Үүнд, нийтэд зориулсан статистик, замын хөдөлгөөн, цаг агаар, газрын зураг зэрэг мэдээлэл энэ ангилалд багтаж болно.
  • “Хязгаарлагдмал өгөгдөл” нь хүн бүрт шууд нээлттэй биш боловч хуульд заасан үндэслэл, зөвшөөрөл, нөхцөлийн дагуу тодорхой этгээд, байгууллага ашиглаж болох мэдээлэл юм.
  • “Хаалттай өгөгдөл” нь хуульд заасан үндэслэлээр нийтэд болон бусад этгээдэд өгөхийг хориглосон мэдээлэл байна.

Энэ ангиллын гол ач холбогдол нь өгөгдлийг хэн, ямар нөхцөлөөр ашиглаж болохыг ялгаж өгөх юм. Ялангуяа иргэний хувийн мэдээлэл агуулсан өгөгдлийг шууд нээлттэй болгохгүй. Хүнийг шууд болон шууд бусаар таних боломжгүй болгож, нууцлалыг хангасан тохиолдолд нээлттэй өгөгдөлд ашиглах боломжтой байхаар төсөлд тусгажээ.

“ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУД ӨГӨГДЛӨӨ ХООРОНДОО СОЛИЛЦОНО”

Хуулийн төсөлд төрийн их өгөгдлийн дэд бүтэц бий болгохоор тусгажээ. Төрийн байгууллагууд өгөгдлөө нэгдсэн ангилал, код, стандартын дагуу бүртгэж, өгөгдөл солилцооны дундын системээр дамжуулан хоорондоо солилцох зохицуулалттай. Ингэснээр иргэн нэг төрийн байгууллагад өгсөн мэдээллийг өөр төрийн байгууллага шаардлагатай тохиолдолд хуульд нийцсэн үндэслэлээр ашиглах боломж бүрдэх юм. Өөрөөр хэлбэл, иргэнээс төрийн байгууллага бүр ижил мэдээллийг дахин дахин шаардах шаардлага багасах боломжтой.

Гэхдээ энэ нь төр иргэний хүссэн бүх мэдээллийг хүссэн үедээ авч ашиглана гэсэн үг биш. Төсөлд өгөгдлийг хууль ёсны эх сурвалжаас, хуульд заасан чиг үүрэг, гэрээ, лиценз, зөвшөөрөл зэрэг үндэслэлээр үүсгэж, цуглуулахаар заасан.

Мөн тодорхой зорилгыг хэрэгжүүлэхэд шаардлагатай хамгийн бага хэмжээний өгөгдлийг цуглуулах шаардлага тавьсан байна. Мөн төрийн их өгөгдлийн системд өгөгдөлд хандсан, ашигласан, дамжуулсан үйл ажиллагааны лог, аудит лог хөтлөхөөр тусгасан байна. Өгөгдөл хариуцагч нь хандалтын түүх болон үйлдлийн бүртгэлийг устгах, өөрчлөх боломжгүй байдлаар хөтлөх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, мэдээлэлд хэн, хэзээ, ямар үйлдэл хийсэн талаарх ул мөр үлдэх зарчим үйлчилэх аж.

“ЗАСГИЙН ГАЗАР ӨГӨГДЛИЙН ЗАСАГЛАЛЫН НЭГДСЭН БОДЛОГЫГ ХЭРЭГЖҮҮЛНЭ”

Хуулийн төслийн дагуу Засгийн газар өгөгдлийн засаглалын нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэх, төрийн их өгөгдлийн дэд бүтцийг хөгжүүлэх стратеги, хөтөлбөрийг батлах чиг үүрэгтэй байна. Мөн шаардлагатай хөрөнгө, төсвийн эх үүсвэрийг улсын төсөвт тусгах, өгөгдлийн дэд бүтцийг хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, төрийн өгөгдлийн сангуудын өгөгдөл нийлүүлэх, солилцох, ашиглахтай холбоотой журмыг батлах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

Харин цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага төрийн их өгөгдлийн нэгдсэн каталог, мета өгөгдлийн бүртгэл, мэдээллийн сангийн ангилал, код, стандартыг боловсруулах чиг үүрэгтэй. Мөн өгөгдлийн чанар, хүртээмжид хөндлөнгийн үнэлгээ хийлгэх, төрийн байгууллагуудад өгөгдөлтэй холбоотой арга зүйн дэмжлэг үзүүлэх зэрэг чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Үндэсний статистикийн хороо өгөгдлийн ангилал, стандарт, чанарын үнэлгээ, өгөгдлийн ашиглалт, чанарын талаарх нэгдсэн тайлантай холбоотой чиг үүргийг хэрэгжүүлэхээр тусгажээ. Харин Үндэсний дата төв төрийн их өгөгдлийн дэд бүтцийн техникийн ажиллагаа, өгөгдөл хадгалах, нөөцлөх, сэргээх бэлэн байдал, өгөгдөл солилцооны болон аюулгүй байдлын дэд бүтцийг хариуцахаар тусгасан байна.

"ЕРӨНХИЙ САЙДЫН ДЭРГЭД ҮНДЭСНИЙ ӨГӨГДЛИЙН ЗӨВЛӨЛ АЖИЛЛАНА"

Мөн төсөлд Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэд Үндэсний өгөгдлийн зөвлөл ажиллуулахаар тусгажээ. Тус зөвлөл нь өгөгдлийн салбар дундын бодлогын уялдааг хангаж, өгөгдлийн засаглалын стратеги, арга хэмжээний хэрэгжилтэд үнэлгээ хийх, Засгийн газарт санал, зөвлөмж хүргүүлэх чиг үүрэгтэй. Мөн өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах, хувийн хэвшлийг дэмжих чиглэлээр зөвлөмж гаргана. Зөвлөл нь зөвхөн төрийн байгууллагын төлөөллөөс бүрдэхгүй. Хүний эрх, цахим хөгжил, кибер аюулгүй байдал, статистик, мэдээллийн технологи, харилцаа холбоо, эрдэм шинжилгээ, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл оролцохоор төсөлд тусгажээ. Зөвлөлийг Ерөнхий сайд, түүний эзгүйд цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн даргална. Зөвлөлийн бүрэлдэхүүн болон ажиллах журмыг Засгийн газар батална.

“ӨГӨГДЛИЙГ БИЗНЕС, СУДАЛГААНД АШИГЛАЖ БОЛНО”

Төсөлд өгөгдлийг зөвхөн төрийн байгууллагын дотоод хэрэгцээнд ашиглах бус, эдийн засаг, бизнес, инновац, эрдэм шинжилгээ, сургалт, судалгаанд ашиглах боломжийг тусгажээ. Ингэснээр хуульд заасан нөхцөлөөр төрийн нээлттэй болон бусад ашиглах боломжтой өгөгдөлд тулгуурлан хувийн хэвшил, судалгааны байгууллага, технологийн компани шинэ үйлчилгээ, программ, судалгаа, хиймэл оюуны бүтээгдэхүүн хөгжүүлэх боломж бүрдэх юм.

"МОНГОЛ УЛСАД БОЛОН ГАДААДАД БҮРТГЭЛТЭЙ ХУУЛИЙН ЭТГЭЭД МОНГОЛЫН НУТАГ ДЭВСГЭРТ ДАТА ТӨВИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ БОЛОМЖТОЙ"

Хуулийн төсөл зөвхөн төрийн мэдээллийн сангийн асуудлаар хязгаарлагдахгүй. Дөрөвдүгээр бүлэгт дата төвийн үйл ажиллагааг бүхэлд нь зохицуулах заалтууд оржээ. Монгол Улсад болон гадаадад бүртгэлтэй хуулийн этгээд Монголын нутаг дэвсгэрт дата төвийн үйлчилгээ эрхлэх боломжтой байхаар тусгасан байна. Мөн Монгол Улсын олон улсын интернетийн гарцыг газар зүйн болон техникийн хувьд бие даасан, хоорондоо хамааралгүй гурав буюу түүнээс дээш байхаар зохион байгуулах зорилтыг тусгажээ. Ингэснээр Монгол Улсад өгөгдөл хадгалах, боловсруулах, дамжуулах дэд бүтцийг хөгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэхийг зорьж байна.

“ҮАБ, ТӨРИЙН НУУЦАД ХАМААРАХ ӨГӨГДЛИЙГ ГАДААДАД БАЙРШУУЛАХЫГ ХОРИГЛОНО”

Төслийн 23 дугаар зүйлд өгөгдөлтэй холбоотой хориглох үйл ажиллагааг тодорхойлжээ. Тухайлбал, боловсруулсан болон ашигласан өгөгдлийг бусад эх сурвалжтай нэгтгэн хүн, хуулийн этгээдийг дахин тодорхойлох, нууц мэдээллийг сэргээхийг хориглоно. Мөн үндэсний аюулгүй байдал, төрийн нууцад хамаарах өгөгдлийг гадаад улс болон гадаадын хөрөнгө оруулалттай дата төвд байршуулахыг хориглохоор тусгажээ. Дата төвийн үйлчилгээ үзүүлэгч нь хадгалж буй өгөгдөлд зөвшөөрөлгүйгээр хандах, хуулбарлах, өөрчлөх, устгах, гуравдагч этгээдэд дамжуулах, гэрээ болон лицензэд зааснаас өөр зорилгоор ашиглахыг мөн хориглоно.

“ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХЭЭРГҮЙ БОЛ ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ЗААСАН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭНЭ

Хуулийн төсөлд “өгөгдлийн гэмт хэрэг” гэсэн шинэ төрлийн эрүүгийн хариуцлага бий болгоогүй байна. Харин энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хууль, эсхүл Хөдөлмөрийн тухай хуульд заасан сахилгын хариуцлага хүлээлгэхээр тусгажээ. Мөн зөрчил нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэхээр төлөвлөжээ.

Одоогоор “Өгөгдлийн тухай” нь УИХ-д өргөн мэдүүлсэн хуулийн төсөл бөгөөд батлагдсан хууль биш гэдгийг дахин тодотгоё. Мөн хуулийн төсөлд уг хуулийг 2027 оноос хүчин төгөлдөр болгохоор тусгажээ. Хуулийн төсөлтэй ЭНД дарж танилцана уу.