АНУ Венесуэлийн 65 тэрбум гаруй баррель газрын тосны нөөцийг захиран зарцуулах эрхтэй болжээ

АНУ Венесуэлийн 65 тэрбум гаруй баррель газрын тосны нөөцийг захиран зарцуулах эрхтэй болжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэлтэй хийсэн хэлэлцээрийн хүрээнд Вашингтон Венесуэлийн газрын тосны батлагдсан нөөцийн 65 тэрбум гаруй баррелийг нь захиран зарцуулах эрхтэй болсон талаар мэдэгджээ.

Тэрбээр үүнийг дэлхийн түүхэн дэх газрын тосны хамгийн том гэрээ хэмээн тодорхойлж, уг гэрээний ачаар АНУ-ын газрын тосны нөөц хоёр дахин нэмэгдэж, энэ нь Вашингтонд газрын тосны нийлүүлэлтээ нэмэгдүүлж, бензиний үнийг буулгах боломжийг олгоно гэжээ.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио уг гэрээний ачаар Венесуэл 100 тэрбум орчим ам.долларын хувийн хөрөнгө оруулалтыг татаж, энэ мөнгөөрөө улсынхаа эдийн засгийг сэргээх боломжтой болно гэдгийг  онцолжээ.

Энэ оны нэгдүгээр сард АНУ Венесуэлд цэргийн тусгай ажиллагаа явуулж, тус улсын Ерөнхийлөгч Николас Мадурог гэргийн хамт баривчилж, яллагдагчаар татсан юм. Н.Мадуро АНУ-д хоригдож буйтай холбоотойгоор Венесуэлийн Дэд ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байсан Делси Родригез Венесуэлийн Ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэж байгаа юм.