Катовице хотын шүүхээс Польшийн Олимпын хорооны ерөнхийлөгч Радослав Песевич-ийг гурван сарын хугацаагаар цагдан хорих шийдвэр гаргажээ. Энэ тухай Дойче Велле мэдээлснийг эш татан Kazinform агентлаг дамжууллаа.
Өмнө нь түүнийг криптовалютын Zondacrypto биржтэй холбоотой мөнгө угаасан ба залилангийн хэргүүдийг шалгах явцад баривчлан саатуулж байжээ. Тус бирж 2025 оны 10 дугаар сард Польшийн Олимпын хорооны ивээн тэтгэгч болсон байна. Хэвлэлүүдэд бичсэнээр, Песевич Zondacrypto компанийн захирал асан Пшемыслав Крал-аас 40 мянган еврогийн үнэтэй бугуйн цагийг бэлгэнд авчээ. Хариуд нь Песевич Польшийн Ерөнхий сайд асан Матеуш Моравецкийтэй Кралыг уулзуулж, лобби хийхэд нь тусалж байв. Нөгөөтэйгүүр, бирж дамжуурахын өмнөхөн Песевич компани дахь холбоо сүлбээгээ ашиглан криптовалютын данснаасаа 200 мянган еврог гарган авсан нь түүнийг хорих шалтгаан болсон байна. Харин Олимпын хорооны тэргүүн гэм буруутай гэдгээ үгүйсгэсээр байгаа бөгөөд цагны мөнгийг бэлнээр хэсэгчлэн төлсөн гэжээ.
Криптовалютын Zondacrypto биржийг Польшийн бизнес эрхлэгч Сильвестр Сушек 2014 онд байгуулжээ. 2022 онд тэрбээр хачирхалтай байдлаар сураггүй алга болсны дараа компанийг П.Крал удирдах болсон байна. Гэвч дөрвөн жилийн дараа тэрбээр үйлчлүүлэгчиддээ төлбөр хийлгүйгээр хил даван зугтжээ. Одоо прокурорын газраас 80 сая еврогийн хохиролтой луйврын ба мөнгө угаасан хэргийг мөрдөн шалгаж байна.