Ардчилсан нам 4:11 мэдээллийн цагаараа иргэдийн худалдан авах чадвар муудаж, инфляц өссөөр байгаа болон шатахууны нөөцийн хомсдол зэрэг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Ардчилсан намын дэд дарга Н.Ганибал "Өнөөдөр нөхцөл байдал яагаад ийм хүнд болчихов. Яагаад үнэ өсөж, хомсдол үүсэхдээ хүрэв гээд харвал энэ бол Засгийн газрын алдаатай бодлогын үр дүн юм. Салбарын яам, салбарын сайд нь буруу бодлого явуулсан учраас ийм нөхцөл байдалд хүрчихээд байна. Наадмын өмнө Засгийн газар ард иргэдээ хөдөө яв, амар, шатахуун тасалдахгүй гэж Г.Дамдинням сайд нь мэдэгдчихээд иргэдийг хөдөө явсны дараа хомсдол үүсчихсэн. Уг нь шатахууны нөөцийг хэрхэн бүрдүүлж, ийм хомсдлын нөхцөл байдалд хүргэхгүй байх вэ гэдгийг урьдчилан тооцоолох боломжтой байсан. Дарга, сайд нар өөрсдөө наадам хэсэж явснаас бодлого, шийдэл гаргаагүй. Энгийн аргачлалаар тооцоод олох боломжтой байсан энэ нөхцөл байдлыг урьдчилан харж, шийдвэрлэлгүй байсны үр нөлөөг ард түмэн амсаж байна. Хичээлийн шинэ жил дөхөж байхад ард түмэн хичээлийн хэрэглэл бэлдэхэд ч хүндхэн боллоо. Нэг хүүхдийн хичээлийн хэрэгслийг багадаа 700 мянган төгрөгөөр бэлдэж байна гээд харвал гурван хүүхэдтэй айлынх хэд болох вэ. Ийм эдийн засгийн хүнд нөхцлөөс шалтгаалж иргэд зээл авч л шийдэж байна. Цалин, өрхийн орлого иргэдийн амжиргаанд хүрэхгүй байгаа учраас зээл өнөөдөр Монголд хэрэгцээ болчихлоо. Нэг марзан сайдаас болж иргэд элгээрээ хэвтэхдээ туллаа. Хөдөө малчид малаа услахад л хүндрэл үүсэж эхэлсэн. Хүүхдээ сургуульд хүргэж өгөх бензингүй болох хэмжээнд хүрч байна. Инфляц хэдий 13 хувь байгаа ч удалгүй шатахууны үнийн өсөлт, бодлогын хүүгийн нэмэгдлээс шалтгаалан удалгүй инфляц дахиад ч өсөхөөр байна. Иймээс одоогийн Засгийн газрын Ардчилсан намын зүгээс огцруулъя гэж байгаа юм. Төсвийн алдагдал 2.4 их наядад хүрчихсэн бөгөөд инфляцын өсөлтөөс болж алдагдал дахиад ч нэмэгдэхээр байна. Засгийн газрын бодлого буруу байна" гэв.