Непалын хойд хил орчмын уулархаг хөндийг лхагва гарагт хүчтэй үер дайрсны улмаас 160 гаруй хүн амиа алдаж, хэдэн зуун хүн сураггүй болжээ.
Сураггүй болсон хүмүүсийн дотор 391 гадаадын жуулчин, 93 Балбын иргэн байгаа гэж тус албаны мэдэгдэлд дурдсан байна. Гамшиг болсон бүс нутагт эрэн хайх, аврах болон гамшгийн хор уршгийг арилгах арга хэмжээний талаар хэлэлцэхээр Непалын Засгийн газрын шуурхай хуралдаан зарласан юм. Тус улсын арми бусад аюулгүй байдлын байгууллагуудын дэмжлэгтэйгээр гамшигт өртсөн дүүргүүдэд эрэн хайх, аврах ажиллагааг эрчимжүүлсэн ч уулархаг, гүн хөндий болон нарийн хавцал ихтэй газар нутаг нь аврах, тусламжийн ажиллагааг хүндрүүлж байгаа аж.
Непалын Ерөнхийлөгч Рамчандра Паудел хүний амь нас, эд хөрөнгө сүйдсэнд “туйлын ихээр эмгэнэж” буйгаа илэрхийлээд, төрийн байгууллагууд, улс төрийн намууд болон иргэдийг аврах, тусламжийн ажиллагааг эрчимжүүлэхийг уриалсан. Үерийн улмаас тус улсын цахилгаан эрчим хүчний байгууллага томоохон усан цахилгаан станц болон цахилгаан дамжуулах байгууламж эвдэрч сүйджээ.
Урьдчилсан байдлаар үерийн улмаас ойролцоогоор 19 гүүр, 40 орчим километр (25 миль) авто зам усанд автан урсаж, сүйдсэн байна. Расува дүүрэг хамгийн их хохирол амсаад байна. Үерийн хүчтэй урсгал айл, орон сууцны барилга, худалдааны зах, үйлчилгээний төвүүд, усан цахилгаан станцын байгууламж, авто зам, бусад дэд бүтцийг урсган, сүйтгэсэн. Расува дүүргийн орлогч захирагч Друва Прасад Адхикари “Олон хүн сураггүй болсон тухай мэдээлэл ирсэн бөгөөд эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж байна” гэж мэдэгдээд байна. Үертэй холбоотойгоор Энэтхэгийн Засгийн газар Непалтай хиллэдэг мужуудынхаа эрх баригчдад өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах үүрэг өгчээ.
Эх сурвалж: Associated Press