Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хэнтий аймгийн Баян-Адарга сумын нутаг дахь дуурлиг нарсны хүннүгийн дурсгалт газарт хийж буй археологийн нарийвчилсан судалгааны явцтай танилцлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хэнтий аймгийн Баян-Адарга сумын нутаг дахь дуурлиг нарсны хүннүгийн дурсгалт газарт хийж буй археологийн нарийвчилсан судалгааны явцтай танилцлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хэнтий аймгийн Баян-Адарга сумын нутаг дахь Дуурлиг нарсны Хүннүгийн дурсгалт газарт ажиллаж, археологийн нарийвчилсан судалгааны ажлын явцтай танилцлаа

2006 оноос хойш Монгол–Солонгосын хамтарсан “Мон-Сол” төслийн хүрээнд ШУА-ийн Археологийн хүрээлэн, Монголын Үндэсний музей, БНСУ-ын Үндэсний музей хамтран тус дурсгалт газарт археологийн нарийвчилсан судалгаа, малтлага судалгааг тогтмол хэрэгжүүлж байна.

Одоогоор 160 дугаартай Хүннүгийн язгууртны булшийг малтан судалж байгаа бөгөөд нийт 80 метр урт, гол байгууламж нь 40×40 метр хэмжээтэй энэ булш нь Евразийн бүс нутгаас илэрсэн Хүннүгийн язгууртны хамгийн том булшны нэгт тооцогдож байна.

Дуурлиг нарсны Хүннүгийн дурсгалт газар нь ЮНЕСКО-гийн Дэлхийн соёлын өвийн жагсаалтад бүртгэгдсэн “Хүннүгийн язгууртны булш, оршуулгын цогцолбор” өвийн бүрэлдэхүүн хэсэг юм. Үүнтэй дүйцэх хэмжээний Хүннүгийн язгууртны булш нийт 14 газарт 6 илэрсэн бөгөөд эдгээр нь Хүннү гүрний төрийг барьж байсан язгууртны дээд давхарга, тэр дундаа шаньюй нартай холбоотой байж болзошгүй хэмээн судлаачид үзэж байна.

Булшны малтлага одоогоор 15 метрийн гүнд хүрсэн нь ойролцоогоор таван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээ юм. Судалгаагаар булшны нүхийг анхнаасаа дээрээс доош шатлан нарийсган ухсан нь “уруу харсан пирамид” хэлбэрийн байгууламж байсныг харуулж байна.

Малтлагын явцад модон бунхны дээрээс хар, улаан чий будгаар чимэглэсэн, алт шармал хүрэл тоноглолтой сүйх тэрэгний үлдэгдэл зэрэг онцгой олдворууд илэрчээ. Түүнчлэн адууны хялгасаар сүлжиж хийсэн бүтэн хазаар, авсны алтан шармал хүрэл бариул зэрэг өмнө нь илэрч байгаагүй ховор олдворууд олдсон нь Хүннүгийн түүх, соёлын судалгаанд үнэтэй хувь нэмэр оруулах ач холбогдолтой гэж судлаачид онцолж байна.

Илэрсэн олдворуудыг “Чингис хаан” Үндэсний музей, Монголын Үндэсний музей болон Хэнтий аймгийн музейд олон нийтийн хүртээл болгож байна.

Цаашид Дуурлиг нарсны дурсгалт газарт “Судалгаа, мэдээллийн төв” болон ил музей байгуулахаар төлөвлөж байна.