Ойрын өдрүүдэд цаг агаар дулаарч, цас мөс эрчимтэй хайлахтай холбоотойгоор шар усны үерийн эрсдэл нэмэгдэж байна. Үүнтэй холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсээс иргэдийг болзошгүй үер, усны аюулаас урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа.
Дүүргийн хэмжээнд 2, 7, 23, 32, 40, 41 дүгээр хороод шар усны үерийн эрсдэлтэй бүсэд байгаа тул эдгээр хороодын айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагууд урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллах шаардлагатай байна. Иргэд дараах зөвлөмжийг хэрэгжүүлэхийг анхааруулж байна.
Үүнд:
-
Гэр, хашаа, эд хөрөнгө, мал аж ахуйгаа болзошгүй үерийн аюулаас хамгаалах;
-
Хашаа, орон байрны ойролцоох цас, мөс, ус зайлуулах суваг, шуудууг цэвэрлэж, ус чөлөөтэй урсах нөхцөлийг бүрдүүлэх;
-
Гол, горхи, жалга, гуу болон ус тогтдог эрсдэлтэй газарт ойр байрлахгүй байх;
-
Хүүхдийг хараа хяналтгүйгээр гол, горхи болон ус тогтсон хэсэгт тоглуулахгүй байх;
-
Үерийн усанд автсан зам, гүүр, гармаар зорчихгүй байх;
-
Цас, мөс эрчимтэй хайлах үед автомашин болон бусад эд хөрөнгөө эрсдэлтэй бүсээс хол байрлуулах.
Мөн иргэд болзошгүй эрсдэлийг урьдчилан тооцож, өөрийн болон гэр бүлийнхээ аюулгүй байдлыг ханган, цаг агаарын мэдээ, сэрэмжлүүлгийг тогтмол хүлээн авч байхыг Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсээс анхаарууллаа.