Сонгинохайрхан дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөлийн хуралдаан болж, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын явц, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ.
Дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөлийн дэргэд энэ оноос эрдэмтэн, судлаачдаас бүрдсэн зөвлөл ажиллаж эхэлсэн. Тус зөвлөл халиа тошин, үер усны эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд шинжлэх ухаан, судалгаанд суурилсан арга хэмжээг хэрэгжүүлэхэд анхаарч байна. Энэ хүрээнд 2026 онд Шинжлэх ухааны академийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Цэвдэг судлалын салбартай хамтран дүүргийн зарим хороонд халиа тошин, гидрогеологийн судалгааг хийж байгаа бөгөөд хуралдаанаар судалгааны явц болон урьдчилсан дүгнэлтийг танилцууллаа. Мөн дүүргийн 40 дүгээр хороонд энэ онд ашиглалтад орох Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийг түшиглэн дүүргийн хэмжээнд анхны Эрэн хайх, аврах бүлгийг байгуулахаар төлөвлөж байна. Үүнтэй холбогдуулан тус бүлгийн үйл ажиллагаанд шаардлагатай тусгай зориулалтын техник, тоног төхөөрөмжийг шийдвэрлэх асуудлыг хэлэлцэв. Түүнчлэн малын сэг, зэмийг халдваргүйжүүлэн устгах, булах зориулалтын талбай байгуулах ажлын явц, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр цаашид хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар санал солилцож, холбогдох шийдвэрүүдийг гаргалаа.