Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы хаалтын нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Орон сууцжуулалтын тухай хуулийн төсөл, Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хууль, тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Засгийн газар дээрх хуулийн төслүүдийг 2026 оны зургаадугаар сарын 12-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа төслүүдийг УИХ-аар хэлэлцэхийг дэмжих эсэх асуудлаар санал хураалт явууллаа. Санал хураалтын дүнд гишүүдийн олонх нь хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэнээр анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв. Эдийн засгийн байнгын хороо ирэх долоо хоногт хуралдаж, ажлын хэсэг байгуулан хуулийн төслүүдийг нарийвчлан судалж, ирэх намрын ээлжит чуулганы анхны хэлэлцүүлэгт бэлтгэхээр ажиллах юм.