Улаанбаатар хотод сүүлийн гурав хоног түр зуурын шиврээ бороо орж байгаа билээ. Тэгвэл энэхүү борооны улмаас 6.2 тэрбум төгрөгөөр тохижилтын ажил хийж байгаа Сэлбэ гол үерлэж, эргээ даваад эхэлсэн. Зөөлөн шиврээ бороонд эргээ давж байгаа Сэлбэ гол ширүүн аадар бороо үргэлжлэн орвол үерийн устай хамт улсын төсвийн 6.2 тэрбум төгрөг урсаж магадгүй байна.
ВИДЕО:
-ҮЕРТ УРСАЖ МАГАДГҮЙ БАЙГАА СЭЛБИЙН ТОХИЖИЛТЫН АЖЛЫН ЗУРАГ ТӨСЛИЙН АЖЛЫГ “ПРЕСТИЖ ИНЖЕНЕРИНГ” ГҮЙЦЭТГЭСЭН-
Улаанбаатар хотод олон жил “дуншиж” байгаа ч дуусаж өгдөггүй хэдэн төслүүдийн нэг бол Сэлбэ голын тохижилтын ажил билээ. 2023 онд Сэлбэ гол үерлэсний дараагаас эхэлсэн Дунд голын эхээс Натурын гүүр хүртэл 1.4 км үргэлжлэх үерийн түшиц хана барих ажил 2025 оны есдүгээр сард дуусаж, ажлаа хүлээлгэн өгсөн.
Үргэлжлүүлэн явган хүний болон дугуйн зам, ногоон байгууламж, гэрэлтүүлэг зэрэг тохижилтын ажлыг хариуцах “Силла групп” ажлаа хүлээн авсан бөгөөд энэ зургаадугаар сард дуусгахаар төлөвлөж байсан ч мөн л дуусах хугацаа хойшлоод байна. Үерийн түшиц хана барих болон урсац тохируулгын ажлыг нийслэлийн төсвийн 20 тэрбум төгрөгөөр “Билгүүн консракшн” ХХК хийж гүйцэтгэсэн байдаг. Харин тохижилтын ажилд нийслэлийн төсвөөс ₮6.2 тэрбум төгрөг төсөвлөсөн байдаг.
Тэгвэл энэхүү хийж дуусаагүй байхдаа үерт урсах гээд буй тохижилтын ажлын зураг төслийг "Престиж инженеринг" ХХК хийж гүйцэтгэсэн бөгөөд зураг төслийн ажилд 520 сая төгрөгийг зарцуулсан байж магадгүй байна.

“Туул, Сэлбэ голын тохижилт, үерийн хамгаалалтын барилга байгууламж, усан сан барих төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг шинэчлэн боловсруулах” гэх нэртэй тендерийн ТЭЗҮ дээрх “Даалгавар шинэ” гэх баримт бичигт, “Сэлбэ сэргэлт” төслийн хүрээнд "Престиж инженеринг" ХХК нь Хот Төлөвлөлт, Судалгааны Институт ОНӨААТҮГ-тай гэрээ байгуулан, усны барилга байгууламжийн техник, эдийн засгийн үндэслэл болон усны барилга байгууламжийн ажлын зураг боловсруулах ажлыг гүйцэтгэсэн болно” хэмээн хавсаргасан байгаа юм.

-ДАХИН ҮЕРЛЭНЭ ГЭЖ ТООЦОЖ ҮЕРИЙН ХАНА БОСГОСОН Ч ХАНАН ДУНДАА 6.2 ТЭРБУМААР ТОХИЖИЛТ ХИЙЖ БАЙНА-
Гэвч зураг төслийг гаргасан "Престиж инженеринг" компани тохижилтын ажил хийгдсэнээр гол дахин үерлэхгүй гэж бодсон уу эсвэл Улаанбаатар хотод дахиж их хэмжээний бороо орохгүй гэж найдсан уу гэмээр ажлыг эхлүүлснээр 6.2 тэрбум төгрөгийн тохижилтын ажил эхэлж байжээ.

2025 онд "Престиж-Инженеринг" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Ганзориг нэгэн ярилцлагадаа “2005 оноос барилгажилт ихсэж, Сэлбэ голын голдирол нарийссан. Өөрөөр хэлбэл, Сэлбэ голын зүүн эргээр буюу зүүн талын барилгуудын дундуур голын голдирол урсаж байсан. Голын голдирлыг шахаж барилгууд барьсан учраас барилгуудыг буулгах эсвэл түшиц хана барихаас өөр сонголтгүй болсон. Түшиц хана барих хамгийн зөв шийдэл бол дээр дурдсан тэгш өнцөгт огтлолцол бүхий өндөр түшиц хана. Энэ нь дэлхийн хөгжсөн орнуудад түгээмэл хэрэглэдэг” гэж байжээ.
Тэгвэл үнэхээр үерлэнэ тооцож “хотыг хоёр хуваасан” үерийн хана босгосон ч далан дотор тохижилт хийсэн нь бороо хур их ордог долоо болон наймдугаар сард тэсэж үлдэхэд тун хүнд даалгавар болоод байна.

Дашрамд дурдахад, 2023 оны Сэлбэ голын үерийн дараагаар усны салбарын инженерүүд, эрдэмтэн, судлаачид үерийн усны нөхцөл байдал, цаашид хэрхэх чиглэлээр санал солилцсон. Энэ үеэр усны салбарын мэргэжилтнүүд “Зөвхөн далан босгож үерийн аюултай тэмцэхгүй”, “Барилгын чанар, суултыг хамгаалах шүүрэлтийн байгууламжийг байгуулах”, “Усан сан байгуулах хэрэгтэй” зэрэг саналуудаа хэлж байв.
Улаанбаатар хотын хэмжээнд болсон үерийн циклийг 1966 оноос хойш авч үзвэл, 1967, 1982, 1992, 1994, 1996, 1998, 2003, 2005, 2006, 2008, 2009, 2012, 2016, 2018, 2021, 2023 он гэсэн маш ойрхон давтамжтай болж байгаа юм. Улсын хэмжээнд сүүлийн 10 жилийн хугацаанд ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдлийн 1 мянга 220 тохиолдол бүртгэгдсэний 35.5 хувийг аадар бороо, үер эзэлж байгаа бөгөөд үүний улмаас 54 хүн амь насаа алдаж 4 мянга 241 гэр усанд автсан. 2025 оны эхний зургаадугаар сарын байдлаар усны ослоор 23 хүн амь насаа алдсан гэдгийг Гамшгийн эрсдэлийг бууруулах Үндэсний зөвлөлөөс мэдээлж байжээ.
