Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Баруун Сэлбийн гудамж дахь нийтийн эзэмшлийн талбайг тохижуулах ажил үргэлжилж байна.
Тус байршилд өнгөрсөн онд зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байсан найман павильоныг буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлсөн юм. Улмаар уг талбайг иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн тохижуулах ажлыг эхлүүлээд байна. Тохижилтын ажлын хүрээнд Чингэлтэй дүүрэг "Гэр Өргөө" төрийн бус байгууллагатай хамтран тактикал урбанизм буюу иргэдийн санал хүсэлтэд тулгуурлан орон зайг тохижуулах хүн төвтэй хот төлөвлөлтийн санал асуулгыг эхлүүлжээ.
Энэхүү санал асуулга нь иргэдийн оролцоонд суурилсан, тухайн орчны онцлог болон хэрэглэгчдийн бодит хэрэгцээ шаардлагад нийцсэн нийтийн эзэмшлийн талбайг бий болгох зорилготой юм. Ингэснээр оршин суугчдын амьдрах орчны чанарыг сайжруулж, олон нийтийн амрах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх таатай орчныг бүрдүүлэхээр зорьж байна. Иргэд санал асуулгад идэвхтэй оролцсоноор тухайн талбайн ирээдүйн өнгө төрх, ашиглалтын чиглэлийг тодорхойлоход өөрсдийн хувь нэмрийг оруулах боломжтой юм.