Монгол Улсын Ерөнхийлөгчийн 85 дугаар зарлигаар баталсан “Төрийн тахилгатай уул овооны тэнгэрийг тайх тахилгын ёслолын журам”, “Төрийн тахилгатай уул, хайрхныг тайх төрийн ёслол үйлдэх хуваарь”-ийн дагуу Отгонтэнгэр хайрхны тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслол зургаадугаар сарын 16, 17-ны өдрүүдэд болж байна.
Тахилгын хүрээнд өчигдөр орой Хаан тэнгэрийн “Долоон бурхан” одыг газарт буулгаж тахих ёслол болж, сүсэгтэн олон өргөнөөр оролцжээ. Цагдаагийн байгууллагын мэдээлснээр, зургаадугаар сарын 16-ны өдрийн 21:00 цагийн байдлаар Отгонтэнгэр хайрхан уулыг тайх төрийн тахилгын арга хэмжээнд 44 мянга орчим иргэн оролцсон байна. Харин өнөөдөр буюу зургаадугаар сарын 17-ны өглөө Төрийн тахилгын их овоонд тэнгэрийг тахих ном, судрыг залах хөтөлбөр 05:00 цагаас эхэлжээ. Үүний дараа тахилгын ном айлдах, даллага авах болон Отгонтэнгэр хайрхны тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслолын үндсэн үйл ажиллагаа үргэлжлэх юм. Отгонтэнгэр хайрхан нь Монголын төрийн тахилгат уулсын нэг бөгөөд энэхүү тахилгын ёслол нь уламжлалт зан үйл, соёлын өвийг хадгалан хамгаалах, байгаль дэлхийгээ хүндэтгэн дээдлэх утга агуулгатайгаар зохион байгуулагддаг.
Тахилгын албан ёсны хөтөлбөрийг танилцуулж байна.
