"Аливаа намын дарга УИХ-ын дарга байж болохгүй. Сөрөг хүчин болоод бусад намын үзэл бодлыг тэнцвэртэй хэлэлцүүлж чадахгүй. Иймд Н.Учралыг суудлаас нь буутал АН-ын бүлгийн 42 гишүүн чуулганы хуралдаанд суухгүй". Энэ бол 2026 оны хаврын чуулган эхлэхэд Ардчилсан намын хийсэн улс төрийн томоохон акц.
"АЛИВАА НАМЫН ДАРГА УИХ-ЫН ДАРГА БАЙЖ БОЛОХГҮЙ ГЭХ АН-ЫН ШААРДЛАГЫН ҮР ДҮНД УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ҮҮРЭГТ АЖЛААСАА ЧӨЛӨӨЛӨГДӨВ"
Үүний дараа АН-ын бүлгийн гишүүд УИХ-ын нэгдсэн чуулганд оролцоогүйгээс ирц хүрэхгүй болж, парламентын үйл ажиллагаа хоёр долоо хоног шахам саатсан. Эцэст нь 2026 оны гуравдугаар сарын 30-нд УИХ-ын дарга Н.Учрал чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж, чуулганд оролцсон 101 гишүүний 81-ийн дэмжлэгтэйгээр албан тушаалаасаа буусан юм.
Тэрээр тухайн үед “Сөрөг хүчний зүгээс олон нам, эвслээс бүрдсэн парламентыг аль нэг намын дарга удирдах нь зохимжгүй гэсэн шаардлага тавьсан. Үүнийг МАН хүлээн авч, улс төрийн шийдвэрээ гаргасан” хэмээн мэдэгдэж байв. Энэ үйл явдал нь парламентын даргын албан тушаал намын удирдлагын статустай хавсарч болох эсэх тухай маргааныг улс төрийн хэлэлцүүлгийн төвд авчирсан.
"УИХ-ЫН ДАРГА НАМ БУС БАЙХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ МАН ДЭМЖИХЭЭ ИЛЭРХИЙЛЭВ"
Н.Учралын оронд МАН-аас С.Бямбацогтыг УИХ-ын даргад нэр дэвшүүлэхэд АН мөн л өмнөх шаардлагаа давтан тавьсан. Тэд УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нарын 17 гишүүний өргөн мэдүүлсэн “УИХ-ын даргыг нам бус байх” зохицуулалт бүхий хуулийн төслийг хэлэлцэхгүй бол шинэ даргыг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн юм. Энэ шаардлагыг эрх баригч МАН тухайн үед хүлээн зөвшөөрсөн. Үр дүнд нь С.Бямбацогтыг УИХ-ын даргаар томилсон юм.
.jpg)
Удалгүй буюу 2026 оны дөрөвдүгээр сарын 10-нд УИХ уг төслийг хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороонд шилжүүлсэн. Гэвч түүнээс хойш хоёр сар гаруйн хугацаанд хуулийн төсөлд ахиц гарсангүй. Өдгөө хаврын чуулган завсарлахад сар хүрэхгүй хугацаа үлдээд байна.
"МАН ТОХИРООНООСОО БУЦАЖ УИХ-ЫН ДАРГЫГ НАМ БУС БАЙХ ХУУЛИЙН ДЭМЖИХГҮЙ ГЭВ"
Харин энэ долоо хоногт УИХ дахь МАН-ын бүлэг уг асуудлыг хэлэлцээд “УИХ-ын даргыг нам бус байх” зохицуулалтыг дэмжихгүй гэдгээ илэрхийллээ.
МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал "Хаврын чуулганаар татвар, эдийн засаг, нийгмийн даатгалтай холбоотой хэд хэдэн томоохон хуулийн төслийг батална. УИХ-ын даргын нам бус байдлын асуудлыг бүлэг дэмжихгүй гэсэн байр суурьт хүрсэн" гэв.
Өөрөөр хэлбэл, эрх баригч нам өмнө нь хэлэлцэхийг нь дэмжиж байсан асуудлаасаа ухарч, АН-ын хувьд улс төрийн тохиролцоог зөрчсөн үйлдэл гэж үзэж болохоор байна.
"ИРЭХ ДАВАА ГАРАГТ АН-ЫН БҮЛЭГ ЭНЭ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭЖ, УЛС ТӨРИЙН ШИЙДВЭР ГАРГАНА"
Энэ нөхцөл байдалд Ардчилсан нам улс төрийн хариу үйлдэл үзүүлэх үү, эсвэл чимээгүй өнгөрөөх үү гэх асуулт анхаарал татаж байна. Учир нь тус намын дарга О.Цогтгэрэл уг хуулийн төсөлд зарчмын байр суурь дээрээ байгаа гэдгээ илэрхийлсэн.
Тэгвэл эх сурвалжуудын мэдээлснээр ирэх даваа гарагт АН-ын бүлэг энэ асуудлыг хэлэлцэж, улс төрийн шийдвэр гаргахаар төлөвлөжээ. Мөн нөгөө талд тус нам Батлан хамгаалахын сайдын хариуцлагын асуудлыг хөндөж, Ерөнхий сайдад улс төрийн шаардлага тавих тухай байр сууриа илэрхийлээд байгаа юм. Тиймээс ойрын өдрүүдэд парламент дахь улс төрийн өрнөл зөвхөн нэг хуулийн төслөөр хязгаарлагдахгүй бололтой.