Монгол Улсын эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдлын хяналтын тогтолцоог бэхжүүлэх зорилготой Эм, эмнэлгийн хэрэгслийн Үндэсний лавлагаа лабораторийн нээлт өнөөдөр боллоо.
Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Эрүүл мэндийн сайд Э.Батшугар, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн захирал доктор Саиа Ма’у Пиукала, Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Сокорро Эскаланте болон УИХ-ын гишүүд Ж.Чинбүрэн, Т.Мөнхсайхан, Д.Ганмаа нар оролцов.
Ерөнхий сайд Н.Учрал хэлсэн үгэндээ “Өнөөдөр бидний нээж буй энэхүү лаборатори нь Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банк, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын үр дүнтэй хамтын ажиллагааны бодит үр дүн юм” хэмээн онцоллоо.

Харин Эрүүл мэндийн сайд Э.Батшугар “Эмийн чанар, аюулгүй байдал нь зөвхөн эрүүл мэндийн салбарын асуудал биш. Энэ бол иргэн бүрийн амь нас, эрүүл мэнд, төрийн үйлчилгээнд итгэх итгэл, үндэсний аюулгүй байдлын нэг чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Иймээс Монгол Улсын Засгийн газар эмийн зохицуулалт, чанарын хяналтын тогтолцоог олон улсын жишигт хүргэх зорилтыг тууштай хэрэгжүүлж байна” гэв.

ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Саиа Ма’у Пиукала “Бага болон дунд орлоготой орнуудад ашиглагдаж буй 10 эм тутмын нэг нь стандартын шаардлага хангаагүй эсвэл хуурамч байдаг. Энэ нь хүний амь насанд аюул учруулж буй ноцтой асуудал. Хүчирхэг лаборатори бол иргэд, гэр бүл, нийт нийгмийг эрсдэлээс хамгаалдаг хамгаалалтын тогтолцоо юм” хэмээн тэмдэглэв.
Эм, эмнэлгийн хэрэгслийн Үндэсний лавлагаа лаборатори ашиглалтад орсноор жилд 4,000-5,000 дээжид шинжилгээ хийх хүчин чадал бүрдэж, иргэдэд хүрч буй эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдлын баталгаа сайжрах боломжтой болж байна. Мөн хяналт, шинжилгээний чадавх олон улсын түвшинд хүрч, орчин үеийн багаж төхөөрөмж, дэвшилтэт системүүдийг нэвтрүүлэхээс гадна мэргэжилтнүүдийн ур чадварыг олон улсын түвшинд хөгжүүлэх нөхцөл бүрдэж буй юм.
Шинэ лаборатори нь цаашид олон улсад хүлээн зөвшөөрөгдөх үндэсний лавлагаа лаборатори болох суурийг тавьж байгаагаараа онцлогтой гэж албаныхан үзэж байна.