Электрон тамхи буюу вэйп нь уламжлалт янжуур тамхинаас хор хөнөөл багатай гэгддэг ч бүрэн аюулгүй гэсэн үг биш болохыг шинэ судалгаа харуулжээ.
CNN агентлагийн мэдээлснээр, "Carcinogenesis" сэтгүүлд нийтлэгдсэн тойм судалгаанд вэйпийн хэрэглээ хорт хавдар үүсэх эрсдэлийг нэмэгдүүлж болзошгүй талаар анхааруулсан байна.
Уг судалгаагаар электрон тамхинаас ялгардаг аэрозоль нь хүний ДНХ-г гэмтээх, архаг үрэвсэл үүсгэх нөлөөтэй байж болохыг тогтоожээ. Мөн вэйпийн уурт формальдегид, ацетальдегид зэрэг хорт хавдар үүсгэх эрсдэлтэй химийн нэгдлүүд, түүнчлэн никель, хром, хар тугалга зэрэг хүнд металлын ул мөр агуулагдаж болзошгүй аж.
Судлаачид электрон тамхи сүүлийн арав гаруй жилийн хугацаанд өргөн хэрэглээнд нэвтэрсэн тул урт хугацааны нөлөөг бүрэн тогтоох хангалттай мэдээлэл хараахан бүрдээгүй байгааг онцолсон байна. Гэсэн ч лабораторийн болон хүн дээр хийсэн судалгаануудын үр дүнг нэгтгэн үзэхэд вэйп нь эрүүл мэндэд хоргүй бүтээгдэхүүн биш гэсэн дүгнэлтэд хүрчээ. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар вэйп нь уламжлалт тамхинаас бага хор хөнөөлтэй байж болох ч никотины хамаарал үүсгэх эрсдэлтэй хэвээр байна. Ялангуяа өсвөр насныхны тархины хөгжил, анхаарал төвлөрөл, суралцах чадварт сөргөөр нөлөөлж болзошгүйг анхааруулжээ.
Эх сурвалж: CNN