Хотын дарга хүүхэд, залуучуудын тусгай цогцолборын нэрийг өөрчлөхийг үүрэг болгожээ

Хотын дарга хүүхэд, залуучуудын тусгай цогцолборын нэрийг өөрчлөхийг үүрэг болгожээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нийслэлийн Хүүхэд, залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборт ажиллаж, байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа.

Ажлын үеэр цогцолборын барилгыг засварлах, орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, сэтгэл засалч ажиллуулах, хүүхэд, залуусыг дотоод болон гадаадын сургалт, хөтөлбөрт хамруулах, багш ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зэрэг асуудлаар санал солилцож, холбогдох чиглэлээр үүрэг чиглэл өгсөн байна. Мөн нийслэлийн Хүүхэд, залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын нэрийг “Хүүхэд, залуучуудын цогцолбор” болгон өөрчлөхийг даалгажээ. Тус цогцолборт эцэг, эхийн хараа хяналтаас гарсан, амьдралын хүнд нөхцөлд байгаа, хагас болон бүтэн өнчин 4-21 насны 90 хүүхэд, залуус суралцаж, амьдардаг байна. Байгууллага нь хүүхэд, залуучуудад боловсрол, хүмүүжил олгож, нийгэмшүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм.

Энэ үеэр Хотын дарга Б.Пүрэвдагва “Нийслэл хүн төвтэй хотын хөгжлийн бодлогыг хэрэгжүүлнэ. Танай байгууллага хүүхэд, залуусын хөгжил, боловсролд анхаарч, дотоод соёлыг төлөвшүүлсэн байна. Цаашид хүүхэд хамгаалал, хөгжлийг дэмжих, амьдрах орчныг сайжруулах чиглэлээр хамтран ажиллана. Мөн Улаанбаатар хоттой хамтын ажиллагаатай хотуудад сэтгэл засалч бэлтгэх, хүүхэд солилцооны сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэхээр зорьж байна” хэмээн онцоллоо. Уулзалтын төгсгөлд тус цогцолборт суралцаж, амьдарч буй хүүхэд, залуусын захидлыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагвад гардуулан өглөө.