Э.Золжаргал: Хувийн шалтгааны улмаас чөлөөт бөхөөр барилдаж чадахгүй болсон ч спортоосоо холдохгүйн тулд шүүгчээр ажиллаж, олимпийн зэрэглэлийн шүүгч болох мөрөөдлийнхөө төлөө зүтгэж байна

Э.Золжаргал: Хувийн шалтгааны улмаас чөлөөт бөхөөр барилдаж чадахгүй болсон ч спортоосоо холдохгүйн тулд шүүгчээр ажиллаж, олимпийн зэрэглэлийн шүүгч болох мөрөөдлийнхөө төлөө зүтгэж байна

Нэгэн цагт чөлөөт бөхийн дэвжээнд гарч барилдан, Монгол Улсынхаа нэрийг тив дэлхийд дуурсгасан ирээдүйтэй тамирчин, өнөөдөр харин шүүгчийн ширээнд суугаад барилдаан дэнслэн суугаа үзэсгэлэнт бүсгүйг Isee.mn сайт энэ удаагийн “Social ID” буландаа онцолж байна. Тэр бол чөлөөт бөхийн Азийн аварга, олон улсын хэмжээний мастер, ОУ-ын хэмжээний III зэрэглэлийн шүүгч, "Идэр" их сургуулийн оюутан Э.Золжаргал юм. Энэхүү ярилцлагаараа бид түүний бага нас, спортын замнал, ялалт ялагдлын цаана нуугдах тэвчээр хатуужил болон ирээдүйн олон зорилгынх нь талаар товчхон боловч, "том" яриа өрнүүллээ.  

 ВИДЕО:

-ДАСГАЛЖУУЛАГЧ ААВЫН ОРОНД ААВ БОЛОХЫН ЗЭРЭГЦЭЭ ЗӨВХӨН БАРИЛДАХ АРГА ТЕХНИК БИШ, ХҮН БАЙХ УХААН, САХИЛГА БАТ, ХАРИУЦЛАГЫГ ЗААЖ ӨГЧ ҮРГЭЛЖ ДЭМЖДЭГ БАЙСАН-

-Урилгыг маань хүлээн авсан танд баярлалаа. Юуны өмнө манай үзэгчдэд өөрийгөө танилцуулна уу?

-Сайн байцгаана уу. Намайг Э.Золжаргал гэдэг. Би чөлөөт бөхөөр олон жил хичээллэж, Азийн аваргын алтан медаль хүртэж байсан тамирчин. Мөн олон улсын хэмжээний III зэрэглэлийн шүүгчээр ажиллаж байна. Одоо ч гэсэн энэ спорттойгоо холбоотой байж, залуу тамирчдад өөрийн туршлагаасаа хуваалцан ажиллаж байна.

-Чөлөөт бөхийн спортоор анх хэзээ хичээллэж эхэлсэн бэ?

-Би бага байхдаа спортод маш муу хүүхэд байсан. Ээж маань гадаадад байсан болохоор ээж дээрээ хэрхэн очих вэ гэж боддог байлаа. Нэг өдөр ээж маань бүх хичээл дээрээ 100 авбал намайг авна гэхээр нь биеийн тамирын хичээл дээрээ 100 авахын тулд биеийн тамирын багштайгаа уулзахад ААШ чөлөөт бөхийн тэмцээнд оролцвол боломжтой гэсэн юм. Тэгээд би мушгиа гэдэг мэхийг сураад ААШТ- д оролцоод мөнгөн медаль авч байсан. Ингэж л би энэ спортод анх орж байлаа.

-Яагаад энэ спортыг сонгож үргэлжлүүлэн хичээллэх  болов?

-Чөлөөт бөх бол хүнийг бие бялдрын хувьд төдийгүй сэтгэл зүй, тэвчээр, сахилга баттай болгодог спорт гэж боддог. Анх барилдаан үзээд их сонирхож байсан. Мөн өөрийгөө сорих, илүү хүчтэй болгох хүсэл маань энэ спортыг сонгоход нөлөөлсөн.

-Тамирчин болоход хамгийн их нөлөө үзүүлсэн, хамгийн их дэмжиж тусалсан хүн хэн бэ?

-Мэдээж гэр бүл, багш дасгалжуулагч хоёр хамгийн их нөлөө үзүүлсэн. Ялангуяа дасгалжуулагч маань.  Би багаасаа аавгүй өссөн болохоор аавын оронд аав болохын зэрэгцээ зөвхөн барилдах арга техник биш, хүн байх ухаан, сахилга бат, хариуцлагыг зааж өгч үргэлж дэмждэг байсан. Амжилт гаргах бүрд ард минь байсан хүмүүсийн дэмжлэг хамгийн үнэтэй санагддаг.

-Хамгийн анх бөхийн дэвжээнд гарч байсан үеэ эргээд дурсвал?

-Анхны тэмцээн их тод санаанд үлдсэн. Маш их айж, догдолж байсан. Гэхдээ дэвжээнд гараад барилдаж эхлэх мөчид бүх айдас алга болж байсан. Тэр үеэс хойш би энэ спортыг үнэхээр дурлаж эхэлсэн гэж боддог.

-ТУХАЙН БАРИЛДААНЫГ ХАРААД ОНОВЧТОЙ ЦАГТ НЬ ШУДАРГААР ОНОО ЗААНА ГЭДЭГ БОЛ КЛАССИК УРЛАГ-

-Дэвжээн дээр гарч барилдах, шүүгчийн ширээн дээр сууж барилдаан харах хоёр ямар ялгаатай вэ?

-Тамирчин байх үед чи зөвхөн өөрийнхөө барилдаан, ялалтад төвлөрдөг. Энэ бол тулаан. Харин шүүгч болоход хоёр тамирчныг хоёуланг нь шударгаар дүгнэж харах хэрэгтэй болдог. Илүү төвлөрөл, хариуцлага шаарддаг. Нэг оноо, нэг шийдвэр хүртэл маш чухал байдаг. Тиймээс би шүүгчийн ажлыг урлаг гэж ойлгосон. Тухайн барилдааныг хараад оновчтой цагт нь шударгаар оноо заана гэдэг бол классик урлаг.

-Олон улсын тэмцээн дээр Монголын нэрийг төлөөлж барилдах, шүүх ямар байдаг вэ?

 -Монголынхоо нэрийг олон улсын тавцанд авч явна гэдэг хамгийн том хариуцлага. Төрийн далбаагаа харах мөч үнэхээр бахархалтай байдаг. Ялангуяа медаль хүртээд төрийн дууллаа сонсох үед бүх хөдөлмөр үнэ цэнтэй санагддаг.-

-Шүүгч хүний гарт тамирчны хувь заяа байдаг гэдэг. Таны гаргасан шийдвэрийн дараа тамирчны хувь заяа өөрчлөгдөж байсныг мэдэрч байсан уу?

Шүүгчийн ажил маш өндөр хариуцлагатай. Зарим үед гаргасан шийдвэр тамирчны амжилт, цаашдын замналд нөлөөлөх тохиолдол байдаг. Тийм болохоор дүрмээ маш сайн мэдэж, аль болох шударга, хариуцлагатай ажиллахыг хичээдэг.

-Олон жил бөхийн спортоор хичээллэсэн хүний хувьдялалтгэж таны хувьд юу вэ?

-Ялалт гэдэг зөвхөн медаль биш гэж боддог. Өөрийгөө ялах, шантрахгүй байх, олон жилийн хөдөлмөрөө үр дүнд хүргэх нь жинхэнэ ялалт. Заримдаа ялагдал хүртэл дараагийн амжилтын эхлэл болдог.

-Хэрэв таны амьдралыг нэг барилдаантай зүйрлэвэл ямар барилдаан байх байсан бол?

-Маш хүнд боловч бууж өгөөгүй барилдаан байх байсан. Учир нь спортын замналд ялалт, ялагдал аль аль нь бий. Гэхдээ хамгийн чухал нь унасан ч дахин босож чаддаг байх гэж боддог.

-Яагаад дан ганц тамирчин биш шүүгчийн ажлыг сонгох болов?

-Эмэгтэй хүн насаараа барилдана гэж байхгүй. Мөн би хувийн асуудлаас болоод спортоосоо хэсэг хөндийрөх шаардлагатай болсон тул энэ стортыг хаяхгүй нь тулд шүүгч болохоор шийдсэн.

- Ярилцсанд баярлалаа.