Хятад улсад айлчлахаасаа өмнө Ирантай гэрээ байгуулж магадгүй болсныг Трамп мэдэгдэв

Хятад улсад айлчлахаасаа өмнө Ирантай гэрээ байгуулж магадгүй болсныг Трамп мэдэгдэв

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахынхаа өмнө Ирантай дайныг зогсоох тохиролцоонд хүрч магадгүй байгааг өчигдөр /2026.05.06/ мэдэгдлээ.

Тэрбээр /2026.05.14-15/-ны өдрүүдэд Бээжинд Ши Жиньпинтэй уулзахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ үеэр Ираны асуудал олон улсын анхаарлын төвд байна. Америкийн хэвлэлүүдийн мэдээлснээр АНУ болон Ираны талууд 14 зүйл бүхий санамж бичгийн төсөл дээр ажиллаж байгаа аж. Хэрэв уг баримт бичигт гарын үсэг зурвал дайны ажиллагааг зогсоож, Ормузын хоолойг нээх, Ираны цөмийн хөтөлбөрийг хязгаарлах, хариуд нь АНУ-ын эдийн засгийн хоригийг сулруулах асуудлаар 30 хоногийн хэлэлцээ эхлэхээр тусгасан байна.

“Тийм ээ, би тохиролцоонд хүрэх боломж өндөр гэж бодож байна. Хэрэв бид гэрээ байгуулж чадвал сайн хэрэг. Харин бүтэлгүйтвэл хуучин арга замдаа эргэн шилжих байх” хэмээн Трамп PSB News сувагт ярьжээ.

Гэвч тэбрээр хэлэлцээрт яг ямар асуудлууд багтаж буйг тодорхой хэлэхээс татгалзсан байна. Мөн Ши Жиньпинтэй хийх уулзалтын үеэр Ираны асуудал яригдах эсэх талаар асуухад “Хэрэв тохиролцоонд хүрвэл төдийлөн их яригдахгүй” гэж хариулжээ. Үүний зэрэгцээ Трамп Иранд хатуу анхааруулга өгсөн байна. “Дайн дуусах магадлал өндөр байна. Харин дуусахгүй бол бид тэднийг дахин бөмбөгдөх шаардлагатай болно. Маш энгийн” хэмээн тэр мэдэгдсэн байна.