Улаанбаатар хотын автомашины улсын дугаар авахад өмнө нь автомашин бүртгүүлэх үйл явцын нэг хэсэг болох "энгийн үйлчилгээ" өдгөө Хотын дарга Х.Нямбаатарын шийдвэрийн буруугаас тусдаа зах зээл, тодорхой үнэтэй “бараа” болон хувирчээ.
Тодруулбал, 2025 оны зургадугаар сарын 01 /2025.06.01/-нээс автомашины бүртгэл, улсын дугаар олголттой холбоотой зохицуулалтад өөрчлөлт орж, үйлдвэрлэгдээд 10 жил болсон автомашинд Улаанбаатар хотын дугаар олголхыг зогсоосон байдаг. Мөн автомашин худалдан авсан иргэд автомашинаа бүртгүүлээд шууд улсын дугаар авдаг байсан хэвийн байдал алдагдаж, оронд нь дугаар хүлээх, эцэст нь ченжүүдээс худалдаж авах шаардлагатай болсон юм.
ВИДЕО:
-ОН ХАМААРЧ УЛСЫН ДУГААР ОЛГОДОГ БОЛСОНООС ХОЙШ УГААСАА УЛСЫН ДУГААРЫН ҮНЭ БАЙНГА ӨСӨЖ БАЙГАА-
Зах зээл дээр Улаанбаатарын сертэй улсын дугаарын үнэ 2026 оны эхээр нэг сая орчим төгрөгөөр олдож байсан бол өнөөдөр хамгийн багадаа 1 сая 400 мянган төгрөг болж, зарим тохиолдолд 1.5–1.9 сая төгрөгөөр зарагдаж байна. Өөрөөр хэлбэл хоёрхон сарын дотор 400–900 мянган төгрөгөөр өссөн гэж ойлгож болох юм. Цаашлаад “Азын” буюу ижил тооны хослолтой дугааруудын хувьд үнэ бүр өндөр түвшинд хүрсэн.
Жишээлбэл:
- 8888, 9999 зэрэг давхардсан дугаарууд 30–40 сая төгрөгийн хооронд
- 0001, 1111 зэрэг онцгой дугаарууд 20–30 сая төгрөгөөс дээш саналтай
- Зарим зар дээр “яаралтай” гэсэн ч 8–12 сая төгрөгөөс доош буухгүй байгаа
Тухайлбал, Тээврийн хэрэгслийн улсын дугаар зарна гэх зарын дагуу холбогдож үзэхэд “Машины улсын дугаарууд байна. Хамгийн хямд нь 1,400,000 төгрөгөөс эхэлж байна. Зах зээл дэх ханш нь угаасаа ийм байгаа. Азын дугаар авахыг хүсвэл ер нь л тооноосоо хамаараад 10 саяас дээш үнэтэй зарагдаж байна.
Надад нэг саяас доош үнэтэй зарах дугаарууд байхгүй, хүсвэл 100-200 мянган төгрөг татаад өгч болно. Он хамаарч улсын дугаар олгодог болсноос хойш угаасаа улсын дугаарын үнэ байнга өсөж байгаа” гэсэн юм.
Тэгвэл автомашин худалдаж авч байгаа хүн дугаар худалдаж авч байгаа мөнгөөрөө юу хийж болох вэ?
Жишээ авч үзвэл энэ хэмжээний мөнгөөр:
- 17–18 инчийн 4 шинэ дугуй (1.2–1.6 сая төгрөг)
- Жилийн даатгал, татвар, техникийн үзлэгийг бүрэн шийдэх
- Камер, дохиолол, GPS хамгаалалтын систем суурилуулах
- Эсвэл 2–3 сарын шатахууны хэрэглээг хангах боломжтой

-УЛСЫН ДУГААРЫГ АТҮТ-ӨӨС ЗААВРЫН ДАГУУ АВБАЛ ХАМГИЙН ИХДЭЭ 40-50 МЯНГАН ТӨГРӨГ ЗАРЛАГАДАНА-
Автомашины улсын дугаар нь хууль, журмын дагуу иргэн автомашинаа бүртгүүлэх үед дагалдаж олгогдох ёстой үйлчилгээ. Өөрөөр хэлбэл тусдаа өндөр үнэтэй “бараа” биш, харин бүртгэлийн нэг хэсэг юм. Энэ үйлчилгээг Автотээврийн үндэсний төвөөс үзүүлдэг бөгөөд үндсэндээ тодорхой материал бүрдүүлж, дарааллын дагуу авах боломжтой байдаг.
Иргэн шинэ автомашин худалдан авсны дараа: Худалдах, худалдан авах гэрээ Гаалийн бичиг баримт (импорт бол) Иргэний үнэмлэх Даатгалын баталгаа Техникийн үзлэгт хамрагдсан баримт зэрэг суурь материал бүрдүүлж бүртгэлд ордог. Үүний дараа автомашиныг улсын бүртгэлд оруулж, улсын дугаар олгох ёстой. Албан ёсны мэдээллээр улсын дугаарыг цахимаар захиалах боломж ч бий болсон бөгөөд зарим тохиолдолд 24 цагийн дотор авах боломжтой гэж системд тусгасан байна.
Мөн үйлчилгээний зардлын хувьд: Улсын дугаар, гэрчилгээ нөхөн олголт 32,500 төгрөг. Бүртгэлийн үйлчилгээ 10–15 мянган төгрөгийн түвшинд байгаа юм.
Өөрөөр хэлбэл анхдагч нөхцөлдөө улсын дугаар нь сая төгрөгийн үнэтэй үйлчилгээ биш, харьцангуй бага зардлаар шийдэгдэх боломжтой процесс гэсэн үг. Гэвч начир дээрээ энэ процесс шууд хэрэгжихгүй байна.
Иргэдийн жишээг харвал:
- Бүртгэлд орсон ч “дугаар байхгүй, хүлээнэ” гэсэн хариу авах
- Хэдэн долоо хоногоор дугаар хүлээх
- Зарим тохиолдолд бүртгэл хийгдсэн ч дугаар олголт удаашрах зэрэг нөхцөл үүсдэг гэж шуудхан ойлгож болно.
Тиймээс албан ёсоор, бага зардлаар, тодорхой хугацаанд авах боломжтой улсын дугаар хүртээмжгүй болж эхэлснээр нэг ёсондоо иргэд өөр гарц хайхаас өөр өргөгүй болж байна гэсэн үг. Энэ үед зах зээл дээр “бэлэн дугаар” санал болгодог ченжүүдийн урсгал идэвхжиж, үнэ тогтох шинэ орчин бий болж байгаа юм.