Засгийн газрын өнөөдрийн /2026.05.06/ ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг холбогдох салбарын сайд нар нь танилцууллаа. Аж, үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Оюу Толгойн хэлэлцээртэй холбоотой шийдвэрийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням танилцуулсан юм.
Тэрбээр"Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан хоёр ажлын хэсэг ажиллаж байна. Оюу толгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээний зээлийн хүүтэй холбоотой асуудлыг Сангийн сайд хариуцан ажиллаж байгаа. Харин менежментийн төлбөртэй холбоотой асуудлыг бууруулах, засаглалыг сайжруулах чиглэлд арга хэмжээ авах хэлэлцээрийг миний бие ахалж байна. Хэлэлцээр учраас хоёр талын байр суурь явагддаг. Монгол Улсын Засгийн газар ард түмнийхээ эрх ашгийг хамгаалах хүрээндээ тодорхой хэмжээний стратеги тактикаа өөрөө гаргахгүй байх тохиолдол бий. Товчхондоо бол хэлэлцээр амжилттай үргэлжилж байна. Эхний ээлжинд, зээлийн хэлэлцээрийн түгжээ долоон жил үргэлжилснийг бид авч хаясан. Хэлэлцээрийг заавал үр дүнд хүртэл нь ажиллах болно. Мөн Оюу толгойн гэрээний зээлийн хүү, менежментийн төлбөрийг олон улсын жишигт нийцсэн хэмжээнд хүргэнэ. Олон улсын мэргэжлийн байгууллагуудын зөвлөгөөг авч гаргуулсан дүгнэлтүүд ч бий” хэмээсэн юм.