Хятадын салютны үйлдвэрт дэлбэрэлт болж 21 хүн амиа алджээ

Хятадын салютны үйлдвэрт дэлбэрэлт болж 21 хүн амиа алджээ

Хятадын Хунань муж дахь салютны үйлдвэрт хүчтэй дэлбэрэлт болж, 21 хүн амиа алдаж, 61 хүн шархадсан талаар БНХАУ-ын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлжээ.

Осол Люян хот дахь “Хуашен” салютны үйлдвэрт өчигдөр /2026.05.04/ орон нутгийн цагаар 16:40 цагийн орчимд болсон байна. Дэлбэрэлтийн дараа аврах багийнхан үйлдвэрийн орчмын 3 км радиуст байгаа бүх иргэнийг яаралтай нүүлгэн шилжүүлжээ. Ингээд эрэн хайх, аврах ажиллагаанд нийт 500 орчим ажилтан дайчлагдсан бөгөөд барилгын нурангид гацсан хүмүүсийг илрүүлэхэд робот техник ашигласан байна. 

Цагдаагийн байгууллага дэлбэрэлтийн шалтгааныг тогтоохоор мөрдөн шалгалт явуулж байгаа бөгөөд салютны компанийн холбогдох албан тушаалтанд “хяналтын арга хэмжээ” авсан талаар мэдээлжээ.

Мөн үйлдвэрийн бүсэд байрлах хоёр дарь агуулах байр нь аврах ажиллагаанд нэмэлт эрсдэл учруулж байсныг албаныхан онцолсон байна. Аврагчид хоёрдогч ослоос сэргийлэх зорилгоор талбайг чийгшүүлэх зэрэг арга хэмжээ авчээ. Дэлбэрэлтийн улмаас ойролцоох орон сууцны барилгуудын цонх хагарч, барилгын хийцэд эвдрэл үүссэн талаар оршин суугчид мэдээлсэн байна. Нэгэн иргэн “манай байшингийн шилэн цонх хагарч, хөнгөн цагаан хүрээ гажиж, бүр зэвэрдэггүй ган хаалга хүртэл хэлбэрээ алдсан” хэмээн ярьжээ. 

БНХАУ-ын Ши Жиньпин ослын дараа холбогдох байгууллагуудад сураггүй болсон хүмүүсийг эрэн хайх, шархадсан иргэдийг аврах ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгож, буруутай этгээдүүдэд хатуу хариуцлага тооцохыг шаарджээ. Люян хот нь салют үйлдвэрлэлээрээ дэлхийд танигдсан, хамгийн том үйлдвэрлэгч бүс нутагт тооцогддог. Гэсэн хэдий ч салютны үйлдвэр, дэлгүүрүүдэд гардаг дэлбэрэлтүүд Хятадад үе үе тохиолдож, олон хүний амь насанд хүрэх нь бий. Тухайлбал, өнгөрсөн хоёрдугаар сард Хубэй муж-ид салютны дэлгүүрт дэлбэрэлт болж 12 хүн амиа алдаж байсан юм. 

Эх сурвалж: BBC