Бэлчээрийн мал аж ахуйг дэмжих “Нутагтаа эзэн 100:1000” төсөл хэрэгжүүлнэ

Бэлчээрийн мал аж ахуйг дэмжих “Нутагтаа эзэн 100:1000” төсөл хэрэгжүүлнэ

ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат аймгуудын Засаг дарга нартай “Нутагтаа эзэн 100:1000” төсөл хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа.

Бэлчээрийн мал аж ахуйн хөгжлийг дэмжих “Нутагтаа эзэн 100:1000” төслийг 16 аймгийн 16 сумын 16 багт хэрэгжүүлж, нийт 100 га талбайд ногоон тэжээл тариалахыг ХХААХҮЯ мэдээлэв. Монгол Улсын 1626 багаас 1071-д нь ногоон тэжээл тариалах шаардлагатай байгаа. Улсын хэмжээнд эргэлтэд оруулаагүй атаршсан 112,265 га талбай бий. Эдгээр талбайг ашиглан төсөл хэрэгжих аймаг, сумын малчдад ногоон тэжээл тариалахыг дэмжих юм. Малчид хоршин ногоон тэжээл тариалж, хэрэгцээгээ хангахаас гадна илүү гарсан тэжээлээ борлуулж, үр ашгаа хүртэх боломж бүрдэнэ.

Энэ жишгийг Архангай, Хэнтий аймагт хэрэгжүүлсэн туршлага байгаа ажээ. Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд 2021 онд 50 өрх 150 га-д ногоон тэжээл тариалсан бол 2022 оноос туршлагажиж, 50 өрх 30 мянган боодол тэжээл хураан авчээ. Энэ нь нэг өрхөд 500 боодол ногдож байгаа гэсэн үг юм. Тариалангийн талбайгаа 2023 онд 400 га болгож, 133 өрх 70 мянган боодол (1400 тонн) тэжээл бэлтгэж, нэг өрх 600-700 боодол авч хэрэгцээгээ хангаад зогсохгүй зах зээлд борлуулсан байна. Улсын хэмжээнд хөдөө аж ахуйн эдэлбэр газар 1997 оныхтой харьцуулахад 2023 онд 15.3 мян.га-гаар багассан бол 2024 оны эцэст 57.6 сая мал тоолуулсан нь харин 2 дахин нэмэгджээ. Малын тоо нэмэгдэхийн хэрээр бэлчээрийн даац, тэжээлийн хангамж яригддаг. Сүүлийн 10 жилд бэлчээрийн даац 60 хувь нь хүртээмжтэй, 30 орчим хувь нь гандуу, 10 хувь нь гантай байлаа.