Атлантын далайд аялж явсан жуулчны хөлөг онгоцонд хантавирусын сэжигтэй дэгдэлт бүртгэгдэж, гурван хүн нас барсан байж болзошгүй талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдээллээ.
Одоогоор нэг тохиолдол лабораториор батлагдсан бол таван сэжигтэй тохиолдлыг шалгаж байгаа аж. Мөн 69 настай Их Британийн иргэн Өмнөд Африкийн Йоханнесбург хотод эрчимт эмчилгээ хийлгэж байгаа ажээ.
Өмнөд Африкийн эрх баригчдын мэдээлснээр, анхны шинж тэмдэг илэрсэн хүн нь уг хөлөг дээр нас барсан 70 настай зорчигч байжээ. Түүний цогцос одоогоор Өмнөд Атлантын далай дахь Британийн харьяа Гэгээн Елена арал дээр байгаа аж.
Талийгаачийн 69 настай эхнэр мөн хөлөг онгоц дээр өвдөж, Өмнөд Африк руу яаралтай нүүлгэн шилжүүлэгдсэн ч Йоханнесбургийн эмнэлэгт нас барсан байна. Эх сурвалжуудын мэдээлснээр, уг хос нь Нидерландын иргэд байжээ. Мөн гурав дахь нас баралт хөлөг онгоцон дээр бүртгэгдсэн байх магадлалтай бөгөөд өвчний шинж тэмдэг илэрсэн өөр хоёр зорчигчийг тусгаарлах эсэх талаар холбогдох байгууллагууд хэлэлцэж байгаа аж
Хантавирус нь ихэвчлэн халдвар авсан мэрэгч амьтдын шээс, ялгадастай хүрэлцэх үед дамждаг бөгөөд ховор тохиолдолд хүнээс хүнд халдварлаж, амьсгалын замын ноцтой хүндрэл үүсгэдэг халдварт өвчин юм. Одоогоор нөхцөл байдлыг нарийвчлан судалж байгаа бөгөөд албаныхан илүү дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй танилцуулахаар болжээ.
Эх сурвалж: BBC