ВИДЕО: "Гоожингийн өндөр"-ийн барилгыг 1 тэрбум 399 сая төгрөгөөр засварлуулахаар НЗДТГ-аас тендер зарлажээ

ВИДЕО: "Гоожингийн өндөр"-ийн барилгыг 1 тэрбум 399 сая төгрөгөөр засварлуулахаар НЗДТГ-аас тендер зарлажээ

Одоогоос таван жилийн өмнө тухайн үеийн Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар захирамж гаргаж, "Гоожингийн өндөр"-ийн барилгыг засварлахаар болж байв. 

-ГООЖИНГИЙН ӨНДӨРИЙН БАРИЛГЫГ ХАМГААЛАЛТАД АВЧ, ЗАСВАРЛАХ ЗАХИРАМЖ ТАВАН ЖИЛИЙН ӨМНӨ ГАРЧ БАЙВ-

Тодруулбал, Богд Жавзандамба хутагт Монголын анхны ерөнхий сайд Т.Намнансүрэнд зориулж, 1914 онд барьсан Баянзүрх дүүргийн зургаадугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хоёр давхар "Гоожингийн өндөр" хэмээх барилгыг эвдэх, гэмтээх, устгахаас хамгаалах зорилгоор 2021 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр /2021.12.28/ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар А/1032 тоот захирамж гаргаж, улмаар 2022 оны дөрөвдүгээр улирал гэхэд анхны хийц, бүтцийг нь алдагдуулахгүйгээр сэргээн засварлаж, музейн чиглэлээр ажиллуулахыг үүрэг болгосон байдаг. Гэвч энэхүү захирамж, үүрэг даалгавар хэрэгжихгүй өнөөг хүрээд байсан юм. Тухайн захирамжаас нэг жилийн дараа isee.mn мэдээллийн сайтын бэлтгэсэн сурвалжилгыг хүргэж байна.

ВИДЕО: 

-"ГООЖИНГИЙН ӨНДӨР"-ИЙН БАРИЛГЫГ ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР ЗАСВАРЛАНА-

Тэгвэл "Гоожингийн өндөр"-ийн барилгыг 1 тэрбум 399 сая 500 мянган төгрөгөөр засварлахаар тендер зарлажээ. Тодруулбал,  Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Баянзүрх дүүргийн зургаадугаар хороонд байрлах "Гоожингийн өндөр" түүхийн дурсгалт барилгын засварын ажлыг орон нутгийн төсвийн хөрөнгө болох 1 тэрбум 399 сая 500 мянган төгрөгөөр хийлгэх тендерийг энэ сарын нэгний өдөр зарласан байна.

 Ингэхдээ,

  • Тухайн барилгын газар хөдлөлтийн тэсвэрлэлтийг хангах эсэхэд дүгнэлт гаргуулж, бэхлэгээ хүчитгэлийн арга хэмжээг хэрхэн авах талаар мэргэжлийн байгууллагуудтай хамтран төлөвлөлтийн шийдэл боловсруулж, зураг төсвийг боловсруулан холбогдох байгууллагуудтай зөвшилцөн батлуулах,
  • Барилга архитектурын онцлог, соёлын өвийг хадгалан засварлах /дээврийн гадна хүрээ болон цонхны хүрээний хуучны загварыг хадгалсан хээ, угалз бүхий модон материалтай ногоон өнгөтэй байх гэх мэт/
  • Барилгын гол болон туслах орц, гарц, саравч, довжоо зэргийг норм дүрмийн дагуу төлөвлөж засварлах шаардлага тавьжээ. 

Мөн тухайн ажлыг энэ оны аравдугаар сарын 25-ны дотор бүрэн хийж, хүлээлгэн өгсөн байхыг тодотгосон байна. Уг тендерийн дагуу тухайн "Гоожингийн өндөр"-ийн барилга газар хөдлөлтөд тэсвэртэй эсэх дүгнэлтээс шалтгаалан засварлах эсэх нь ч шийдэгдэж магадгүй аж. 




Өнөөдөр бар өдөр

1 цагийн өмнө