Д.Трамп: Ирантай хийсэн дайсагнал “дууссан”, Конгрессын зөвшөөрөл шаардлагагүй

Д.Трамп: Ирантай хийсэн дайсагнал “дууссан”, Конгрессын зөвшөөрөл шаардлагагүй

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Ирантай хийсэн дайсагнал гал зогсоох хугацаанд “дууссан” хэмээн мэдэгдэж, цэргийн ажиллагааг үргэлжлүүлэхэд Конгрессын зөвшөөрөл авах шаардлагагүй гэж үзэж буйгаа илэрхийлжээ.

Тодруулбал, АНУ-ын хууль тогтоомжийн дагуу ерөнхийлөгч цэргийн ажиллагааны талаар Конгресст мэдэгдсэнээс хойш 60 хоногийн дотор зөвшөөрөл авах, эсвэл дайсагналаа зогсоох үүрэгтэй байдаг аж. Харин Д.Трамп Конгрессын удирдлагад илгээсэн захидалдаа өнгөрсөн сард Ирантай байгуулсан гал зогсоох тохиролцоо энэ шаардлагыг түр түдгэлзүүлж байна гэж тайлбарлажээ.

Тэрбээр “2026 оны дөрөвдүгээр сарын 7-ноос хойш АНУ-ын зэвсэгт хүчин Ирантай гал нээгээгүй. Хоёрдугаар сарын 28-нд эхэлсэн дайсагнал дууссан” хэмээн онцолсон байна.

Гэсэн ч АНУ, Иран хоёр урт хугацааны энхийн хэлэлцээрт хараахан хүрээгүй хэвээр байгаа юм. Ираны төрийн мэдээллийн IRNA агентлагийн мэдээлснээр, "Тегеран Пакистанаар дамжуулан АНУ-д шинэ санал хүргүүлсэн ч зарим зүйл тодорхойгүй байна" гэж мэдээлжээ. Харин Д.Трамп сэтгүүлчдэд “Бид Ирантай ярилцсан. Юу болохыг харцгаая. Гэхдээ би бүрэн сэтгэл хангалуун биш байна” хэмээн мэдэгдсэн бөгөөд Ираны удирдлагыг “дотооддоо ихээхэн төөрөгдөлтэй байна” гэж дүгнэжээ.

Мөн тэрээр АНУ-ын Төв командлалаас Ираны эсрэг “цэргийн цохилт өгөхөөс эхлээд хэлэлцээр хийх хүртэл” хэд хэдэн хувилбарын талаар мэдээлэл авснаа дурдсан байна. Үүний зэрэгцээ АНУ-ын Сангийн яам Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд Иранд “татвар” төлсөн хувь хүн, компаниуд хориг арга хэмжээг зөрчих эрсдэлтэйг анхааруулжээ. Стратегийн чухал уг усан зам хаалттай хэвээр байгаа нь дэлхийн эдийн засагт сөрөг нөлөө үзүүлсээр байна.

Конгрессын хүрээнд уг асуудлаар санал хураалт явуулах эсэх талаар маргаан өрнөж байгаа бөгөөд Ардчилсан намын зүгээс ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлах оролдлого хэд хэдэн удаа хийсэн ч амжилтгүй болсон байна.

1973 оны Дайны эрх мэдлийн тогтоолын дагуу АНУ-ын ерөнхийлөгч Конгрессын зөвшөөрөлгүйгээр цэргийн ажиллагаа явуулсан тохиолдолд 60 хоногийн дотор зогсоох үүрэгтэй. Энэ хуулийг Вьетнамын дайны үеэр тус улсын ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлах зорилгоор баталсан аж. Гэсэн ч Д.Трампын засаг захиргаа гал зогсоох хэлэлцээрийг үндэслэн уг хугацааг мөрдөх шаардлагагүй гэж үзэж байгаа нь хуульчдын дунд маргаан дагуулж байгаа аж. Тухайлбал, Жоржтаун их сургуулийн профессор Хезер Брэндон-Смит “Гал зогсоох нь мөргөлдөөнийг бүрэн дуусгасан гэсэн үг биш бөгөөд 60 хоногийн хугацааг зогсоох үндэслэл болохгүй” гэж мэдэгджээ.

Иймээс АНУ цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлбэл үүнийг зогсоох боломж Конгресс болон шүүхэд л байгаа гэж шинжээчид үзэж байгаа аж. АНУ, Израиль Иранд өргөн хүрээний цохилт өгснөөр мөргөлдөөн эхэлсэн бол Иран хариуд нь Израиль болон Персийн булан дахь АНУ-ын холбоотнууд руу довтолсон юм. Барууны орнууд Ираны цөмийн хөтөлбөрийг шүүмжилж, цөмийн зэвсэг бүтээх оролдлого хийж байна гэж үздэг бол Тегеран үүнийг няцаасаар байгаа юм.

Эх сурвалж: BBC




Өнөөдөр бич өдөр

3 цагийн өмнө