Сандуйжүд, Тарвачэнбу зэрэг судрыг хууль бусаар олж авч, бусдад дамлан зарсан хэргийг илрүүлжээ

Сандуйжүд, Тарвачэнбу зэрэг судрыг хууль бусаар олж авч, бусдад дамлан зарсан хэргийг илрүүлжээ

Соёлын биет өвтэй холбоотой хэд хэдэн хэрэгт шүүхээс шийдвэр гарч, холбогдох этгээдүүдэд эрүүгийн хариуцлага хүлээлээ.

Тодруулбал, иргэн Н, М, С нар хууль бусаар археологи, палеонтологийн хайгуул, малтлага хийж, бурхны толгой, очир зэрэг соёлын биет өвд хамаарах эд зүйлсийг олж авч, завшсан хэрэгт холбогдсон байна. Уг хэрэгт Эрүүгийн хуулийн 25.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (соёлын биет өвийг завших, үрэгдүүлэх), 25.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (хууль бусаар археологи, палеонтологийн хайгуул, малтлага хийх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Шүүхээс тэднийг гэм буруутайд тооцож, тус бүрд нь 5.4 сая төгрөгийн торгох ял оногдуулж, олсон эд зүйлсийг Соёлын өвийн үндэсний төвд шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна. Мөн түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйл болох Сандуйжүд, Тарвачэнбу зэрэг судрыг хууль бусаар олж авч, бусдад худалдсан иргэн Ш-д холбогдох хэргийг шүүх хэлэлцэн, Эрүүгийн хуулийн 25.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцжээ. Түүнд 5 сая төгрөгийн торгох ял оногдуулж, дээрх судруудыг Соёлын өвийн үндэсний төвд шилжүүлэх, хууль бусаар олсон орлогыг улсын орлого болгох шийдвэр гаргасан байна. Түүнчлэн Түрэгийн үеийн дөрөө, амгай, зуузай, төмөр цагариг зэрэг эд зүйлсийг хууль бусаар олж авч, хувьдаа завшсан, соёлын биет өвийн хууль бус худалдааг зохион байгуулсан иргэн Н-д мөн Эрүүгийн хуулийн 25.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Шүүхээс түүнд 8.1 сая төгрөгийн торгох ял оногдуулж, холбогдох эд зүйлсийг Соёлын өвийн үндэсний төвд шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Хуульд зааснаар соёлын биет өвийг өмчлөгч иргэн, хуулийн этгээд нь тухайн өвийг бүртгүүлэх, гарал үүслийг тогтоолгох, бусдад шилжүүлсэн болон алдагдсан тохиолдолд мэдээлэх, хилээр гаргахдаа зөвшөөрөл авах зэрэг үүрэгтэй. Мөн соёлын биет өвийг гадаадын иргэн, хуулийн этгээдэд бэлэглэх, өвлүүлэхийг хориглодог. Гэвч иргэд соёлын биет өвийг холбогдох байгууллагад бүртгүүлэлгүйгээр хууль бусаар худалдах, шилжүүлэх зэргээр гэмт хэрэгт холбогдох тохиолдол гарсаар байгаа тул хууль, эрх зүйн зохицуулалтыг сайтар судлахыг анхааруулж байна.